Ажиллах хүчний эрэлтийн 77.7 хувь нь нарийн мэргэжил шаардагдахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-04 16:58:06
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааны үр дүнг танилцууллаа. Уг судалгааг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ЗДТГ, Татвар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Статистикийн хэлтэс, их, дээд сургуулиуд, МСҮТ-үүд хамтран хийсэн байна. Судалгаанд 2300 иргэнийг хамруулжээ.

Cудалгааны багаас Эрдэнэт хотод ажлын байрны зараар хамгийн эрэлттэй 10 мэргэжлийг гаргасан байна. Уг жагсаалтад технологийн ажилтан, бэлтгэгч, хүнд машин механизмын жолооч, оператор, эксковаторчин, кассчин, худалдагч, тогооч, барилгын туслах ажилтан, угаагч, зөөгч, бармен гэсэн мэргэжлүүд бичигджээ.

Орхон аймаг нийтдээ 102 мянган хүн амтай. Үүний 62,8 хувь нь хөдөлмөрийн насны иргэд. Одоогоор хөдөлмөрийн насны иргэдийн 62,6 хувь нь ажил хийж байна. Аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааны дүнд дурдсанаар ойрын гурван жилд үүсэх ажиллах хүчний эрэлтийн 77.7 хувь нь нарийн мэргэжил шаардагдахгүй ажлын байр юм байна.

Дээрх судалгааны дүнг орон нутгийн төр захиргааны байгууллагаас боловсруулж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаандаа тусгах юм. 

 

 

Холбоотой мэдээ