Д.Цогтбаатар: Монгол Улс бүс нутгийн орнуудын энх тайвны гүүр болоход чармайн ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-05 13:20:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хурал “Новотел” зочид буудлын хурлын танхимд өнөөдөр эхэллээ. Энэ нь Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдалд ихээхэн чухал үүрэгтэй, бүс нутгийн гол хурал юм.


Хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Канад, Швед зэрэг 14 улсын Засгийн газрын төлөөлөгч, эрдэмтэн судлаач зэрэг 200 орчим төлөөлөгч оролцож байна. Түүнчлэн НҮБ, Европын холбоо, Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөл санал бодлоо солилцохоор иржээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус хурлаар Зүүн хойд Азийн аюулгүй байдлын боломж сорилтууд, Бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаа ба өрсөлдөөний динамик, Эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөв, Энх тайван, аюулгүй байдлын төлөөх залуучуудын оролцоо зэрэг сэдвээр санал бодлоо солилцох юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, Монгол Улс дахь нар, салхины эрчим хүчний арвин их нөөцийг ашиглах асуудал энэ удаагийн хурлын нэг гол сэдэв байх юм.



Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзаж хурлын талаар сонирхоход, “Бүс нутгийн улс орны төлөөлөгчид Зүүн хойд Азийн аюулгүй байдал, тэр дундаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хөндөж байгаа”-г онцлов. Тэрбээр, “Цөмийн зэвсгээс ангижрах асуудлыг дэлхийн бүх орны төлөөлөгчид цохон тэмдэглэж байна. Тиймээс энэхүү энхийн яриа, хэлэлцээр цаашид үргэлжлэх хэрэгтэй. Улаанбаатарын яриа хэлэлцээрийн гол зорилго нь, бүс нутгийн улс орныг уулзуулж ойлголцуулахад оршино. Монгол Улс коммунист тогтолцоотой байсан төдийгүй одоо ардчилсан эдийн засагтай орон. Тэр утгаараа хоёр тогтолцооны онцлог, шийдвэр гаргах механизм, дипломат ажиллагааны бүх талд туршлагатай. Тиймээс бүс нутгийн улс орны хооронд энх тайвны гүүр болоход хүчин чармайж ажиллах болно. Үүнд, манай улс хувь нэмрээ оруулж ирсэн, цаашид ч энэ үүргээ биелүүлэх орон зай байгаа” хэмээв. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, Монгол Улс дахь нар, салхины эрчим хүчний арвин их нөөцийг ашиглах асуудлаарх илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хуралдааны нээлтийн үеэр танилцуулсан юм.



Илгээлтэд, “Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмэр оруулах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг байсаар ирсэн. Яриа хэлэлцээрийн тайван замаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, бүс нутгийн бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх байр суурийг Монгол Улс баримталдаг ба бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэсэн зарчмаар аливаа маргааныг шийдвэрлэж болно гэдэгт бид итгэдэг.


Үүнээс улбаалан Монгол Улс Улаанбаатарын яриа хэлэлцээг зургаан жилийн өмнө санаачлан эхлүүлсэн. Эдүгээ уг санаачилга нь бүс нутгийн аюулгүй байдал төдийгүй, эрчим хүч, дэд бүтэц, хүрээлэн буй орчин, хүний аюулгүй байдал зэрэг асуудлыг хэлэлцдэг чухал талбар болж өргөжсөн байна. Энэ жилийн хурлаар бүс нутгийн улс төр, аюулгүй байдлын төлөв, боломж, сорилтыг хэлэлцэхийн зэрэгцээ Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарч байгааг тэмдэглүүштэй.


Бүс нутгийн эдийн засгийн уялдааг бэхжүүлэх томоохон  дэвшилт  гарч буй энэ цаг мөчид өнөөдрийн хурал болж байна.

Улс орнууд цэвэр эрчим хүчний хэрэглээгээ дэмжиж нэмэгдүүлэх нь эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэх боломж болж буйг Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA)-аас саяхан гаргасан “Шинэ дэлхий-Эрчим хүчний шинэчлэлийн геополитик” тайланд дурджээ. Зүүн хойд Азид эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асар их боломж бий. Манай бүс нутаг нь дэлхийн ДНБ-ий болон нийт хүн амын дөрөвний нэгийг тус тус бүрдүүлж байна.


Дэлхийн эрчим хүчний хамгийн том  хэрэглэгч орны 4 нь манай бүс нутагт оршиж нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтын гуравны нэгийг үйлдвэрлэж байна. Бүс нутгийн эдийн засаг томрохын хэрээр эрчим хүчний хэрэглээ даган нэмэгдсээр байх ба технологийн дэвшил, дижитал шилжилт нь энэхүү хэрэгцээг шийдэх оновчтой эрчим хүчний шинэ сүлжээг бий болгох юм.


Монгол Улс хөрш орнуудтайгаа цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдох, цэвэр эрчим хүчийг бүс нутгийн орнууддаа экспортлох боломжийг тогтоох судалгааг Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хийж дуусгаад байна.


Энэхүү цогц судалгаагаар, Монгол Улс 200 гигаватт салхины эрчим хүч, 1.2 тераватт нарны эрчим хүч үйлдвэрлэж, хөрш орнууддаа экспортлох боломжтойг тогтоосон. Үндэсний эрчим хүчний сүлжээг системтэйгээр өргөтгөж өндөр хүчдэлийн хил дамнасан холболтыг хөгжүүлэх замаар 2036 он гэхэд 100 гигаватт хүртэл хямд өртөгтэй, цэвэр эрчим хүч экспортлох боломжтой гэж тооцоолсон байна.


Сүүлийн жилүүдэд бүс нутгийн бусад орны үндэсний эрчим хүчний компаниуд манайхтай адил судалгаануудыг хийсэн. Эдгээр судалгааны үр дүнгээр бүс нутгийн эрчим хүчний шинэ, дэвшилтэт зах зээлийг бий болгоход тухайн бүс нутгийн орнуудын Засгийн газрын дэмжлэг, нэгдмэл байр суурь нэн чухал гэдгийг онцлохын сацуу зохицуулалт болон стандартыг уялдуулах, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг боловсруулах шаардлагатайг онцолсон байна.


Өнгөрсөн жил Владивостокт миний бие эрчим хүчний нэгдсэн сүлжээ болон зах зээлийг бий болгох зорилгыг дэмжих бүс нутгийг хамарсан байгууллага байгуулах санаачилгыг дэвшүүлсэн. Уг байгууллагыг байгуулах талаарх “Хамтарсан мэдэгдэл”-ийн төслийг Монгол Улс боловсруулсан ба Зүүн хойд Азийн бүс нутгийн бусад оронтой хэлэлцэн 2019 оны 9 дүгээр сард уг “Хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурахаар ажиллаж байна. Манай санаачилгыг тууштай дэмжиж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс болон Азийн хөгжлийн банканд талархсанаа илэрхийлье.


Олон улсын хамтын нийгэмлэг Парисын хэлэлцээр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд, тогтвортой эрчим хүчний тогтолцоонд шилжих амлалт авч, ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Монгол Улс нь цэвэр эрчим хүчний арвин их нөөцтэй орны хувьд, сүүлийн үед гарч буй дэвшилтэт технологи, чиг хандлагыг ашиглах замаар дэлхийн эрчим хүчний хувьсал дахь олон улсын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахыг зорьж байна.


Монгол Улсын энэхүү санаачилгыг дэмжиж буй бүс нутгийн орнуудын засгийн газар, олон улсын байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээний олон улсын VI бага хуралд амжилт хүсье” гэжээ.


Хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулж байна.


Дашрамд дурдахад, Манай орны хувьд БНАСАУ болон БНСУ-ын аль алинтай нь дипломат харилцаа тогтоосон, найрсаг харилцаатай орон. Энэ хүрээнд, Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг намжаах, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулахаар, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хельсинкийн үйл явц”-ыг жишээлэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг эхлүүлэх санаачилгыг 2013 онд анх дэвшүүлсэн. Түүнээс хойш энэхүү хэлэлцээр зургаадахь жилдээ болж байгаа юм.

Холбоотой мэдээ