Энгийн хог хаягдлыг дахин ашиглах, устгах журмыг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-05 15:56:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан хуралдаж, нийгэм, цаг үед тулгамдаж буй 6 асуудлаар шийдвэр гаргалаа. Үүний нэг нь “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах булшлах журам батлах тухай” юм.

Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн тус журмыг боловсруулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдалтай холбоотой харилцааг зохицуулахаар болжээ. Журамд энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, хоёрдогч түүхий эдийг цуглуулах, худалдан авах, бусад хог хаягдлыг устгах булшлах талаар заасан байна. Мөн оролцогч талуудын эрх, үүргийг тодорхой болгож өгчээ.

Журамтай холбогдуулан Төлөөлөгчид саналаа илэрхийлээ. Төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ байгалийн үзэсгэлэнт газруудад хог хаягдлын цэг байгуулах талаар санал тавьсан бол Төлөөлөгч Ё.Рэнцэндорж “Хогноос хамгийн аюултай нь архины шил. Хөдөө хаясан архины шилийг цуглуулж авдаг хүн байхгүйгээс бэлчээрийг сүйтгэж байна. Сум өөрөө л машин тэрэг гаргаж, бензин тос хийж шилний хаягдлыг цуглуулж авдаг. Архины шилний хаягдалтай холбоотойгоор аймгаас уриалга гаргаж болдоггүй юм уу” гэж байв.

Мөн Төлөөлөгч А.Мөнхбат “Аймаг, орон нутаг руу тээврийн хэрэгслээр явж байгаа иргэд замд хог хаях асуудал их гардаг учраас жолоочтой нь хариуцлагын гэрээ байгуулж, үүгээр дамжуулж иргэдийг соёлжуулах, хог хаяхгүй байхад сургах шаардлагатай” гэж байлаа.

Энэхүү журмыг зөрчсөн иргэн, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн дагуу хариуцлага хүлээлгэх аж.

Холбоотой мэдээ