Жижиг дундын зээл олгох хуулийн төсөлд "бичил" ангилал нэмжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-05 16:32:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Ж.Ганбаатар нарын өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэрлэл-үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төсөлд жилийн орлого нь 300 сая төгрөг бол “бичил”, 300 саяас нэг тэрбум төгрөг бол “жижиг” ААН-д хамаарахаар ангилжээ.


Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулсан. Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг ноднингийн намрын чуулган, энэ жилийн хаврын чуулганы тавдугаар сарын 30-ны хуралдаанаар хэлэлцсэн юм.  


Хуулийн төслийн ажлын баг өчигдөр хуралдаж, нэгдсэн хуралдааны даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу дараах асуудлыг  шийдвэрлэсэн байна. Тухайлбал, ААН-ийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 300 сая  хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой ААН-д нэг хувийн татвар ногдуулах болсон. Тиймээс хуулийн уялдааг хангах зорилгоор Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийн бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, олгох зээлийн хэмжээг өөрчлөх санал боловсруулжээ. Жилийн 250 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН “бичил" гэсэн ангилалд хамаарч байсныг 300 сая төгрөг, 250-500 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ААН “жижиг” үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарч байсныг 300 сая-нэг тэрбум төгрөг болгон нэмжээ. Мөн бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 300 сая хүртэл төгрөгийн зээлийг сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зээлийг банкаар дамжуулж олгох санал оруулж байгаа аж. Хамт өргөн мэдүүлсэн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн “2019 оны” гэснийг “2020 оны” гэж өөрчлөх саналыг боловсруулжээ. Ийнхүү нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулжээ. 


Ажлын багийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэв.


Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэхдээ, “Энэхүү төсөл нь зөвхөн зээл олгох, зээлийн хүртээмжтэй холбоотой эрх зүйн зохицуулалт биш гэдгийг анхаараарай. Иргэдийн бизнес эрхлэх боломжийг дэмжих, өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх гээд өргөн агуулга, ач холбогдолтой. Тиймээс хуулийн төслийг таниулах, сурталчлах ажилдаа анхаарч ажиллах нь зүйтэй” хэмээсэн юм. Ийнхүү хуулийн төслийг эцэслэн хэлэлцсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Холбоотой мэдээ