УИХ-ын дэргэдэх байгууллагын 3400 албан хаагчийн ХОМ-ийг дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-05 17:46:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас шүүх, прокурор, УИХ-ын дэргэдэх байгууллагын нийт 3400 албан тушаалтны Хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг  өнгөрсөн долоо хоногт www.xacxom.iaac.mn цахим хуудсанд байрлуулжээ.  


Авлигын эсрэг хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тэдний мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулах зохицуулалттай. Энэ хүрээнд тус газраас нийтийн албан тушаалтны ХОМ-ийг үе шаттайгаар нийтэд ил байршуулж байгаа юм. Өнгөрсөн сарын 10-нд нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын 15 500 орчим албан тушаалтны ХОМ-ийг "xacxom.iaac.mn" цахим хуудсанд байрлуулсан. Мөн төрийн дээд албан тушаал хашдаг 180 гаруй хүний ХОМ-ийг дөрөвдүгээр сарын 15-нд байршуулсан юм.


АТГ-т ХОМ-ээ гаргах үүрэг бүхий нийт 40.000 орчим албан тушаалтан байдаг бөгөөд 2017, 2018 оны ХОМ-ийн хураангуйг дээрх цахим сайтад байршуулсан тул төрийн албан хаагчийн шударга байдал, хөрөнгө нэмэгдэж багассан байдлыг иргэд, олон нийт хянах боломж бүрдэнэ.  Ингэснээр худал мэдүүлсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр тус газарт гомдол гаргаж шалгуулах эрхтэй.


Тус газраас иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу албан тушаалтны хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлын байдлыг хянан шалгаж, хуулийн хугацаанд шалгалтаар илэрсэн зөрчил, тогтоогдсон нөхцөл байдлын талаар хариуг хүргүүлэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ