Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, цэцийн гишүүнийг томилохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-05 22:43:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, нөхөн сонгуулийн тов, зардлыг шийдвэрлэсэн УИХ-ын 22, 23 дугаар тогтоол хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, уг дүгнэлтийг хүлээн авах боломжгүйг гишүүдийн олонх илэрхийллээ. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж асуулт асуусны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.2-т заасны дагуу 16 саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Улсын Их  Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэснийн хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 50 хувь нь дэмжсэнгүй. Мөн Монгол Улсын Их  Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан  Сонгуулийн тухай хуулийн 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн  нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 


Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн. Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж томилсон Б.Ганзоригийн бүрэн эрхийн хугацааг дуусгавар болсон тул цэцийн гишүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилохоор нэр дэвшүүлжээ. 


Энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав. 


Нэр дэвшигч Гунгаагийн Баясгалан нь 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. Тэрбээр 1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор, 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх, 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал, 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллажээ. Улмаар 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон байна.


Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нэр дэвшигчээс асуулт асууж, тодруулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа асуудлыг шийддэггүй, хойшоо сууж,  улс төрийн нөхцөл байдлыг харж шийдвэрээ гаргах болсон нь анзаарагдаад байгаа. Иймд өргөдөл, гомдлыг шийдэхэд онцгойлон анхаарч ажиллахыг анхааруулж байлаа. Ингээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Г.Баясгаланг томилох саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив.

Холбоотой мэдээ