Захиргааны ерөнхий хуульд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-06 07:17:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэлээ. 


Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хоригийг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Гадаад харилцааны сайдын тушаал, харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь бүхэлдээ ямар ч ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарч байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын хууль тогтоохоос бусад захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байдаг бөгөөд Улсын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийдлээр тодорхой салбар дахь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргах нь хуулийн дотоод зөрчилдөөн үүсгэж болзошгүй байна гэж байлаа. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь асуулт асууж, хариулт авсны дараа Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Холбоотой мэдээ