Монгол Улс сэргээгдэх эрчим хүчээ экспортлох боломжтойг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” VI хурал өнөөдөр хаалаа. Хоёр өдөр үргэлжилсэн тус хурлаар, Монгол Улс дахь нар, салхины эрчим хүчний арвин их нөөцийг ашиглах асуудлыг бүс нутгийн улс орны Засгийн газрын төлөөлөл, эрдэмтэн судлаачид дэмжсэн байна.
Энэ удаагийн хуралд олон орны Засгийн газрын төлөөлөл оролцсоноороо онцлог байгааг ГХЯ-ны зөвлөх доктор Ц.Батбаяр онцолж байсан юм. Хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Канад, Швед зэрэг 14 улсын Засгийн газрын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын 200 гаруй төлөөлөгч оролцсон. Түүнчлэн НҮБ, Европын холбоо, Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөл санал бодлоо солилцлоо.
Найман дэд салбарт хуралдсан бөгөөд Засгийн газрын төлөөлөгчдийн дугуй ширээний хурлаар, Зүүн хойд Азийн бүс нутгийн Эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөв голлох сэдэв байв. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, Монгол Улс дахь нар, салхины эрчим хүчний арвин их нөөцийг ашиглах асуудал хэлэлцээрийн анхаарлын төвд байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хурлын нээлтэд илгээлт хүргүүлсэн. Тус илгээлтэд, “Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтарсан судалгаагаар, Монгол Улс 200 гигаватт салхины эрчим хүч, 1.2 тераватт нарны эрчим хүч үйлдвэрлэж, хөрш орнууддаа экспортлох боломжтойг тогтоосон. Үндэсний эрчим хүчний сүлжээг системтэйгээр өргөтгөж өндөр хүчдэлийн хил дамнасан холболтыг хөгжүүлэх замаар 2036 он гэхэд 100 гигаватт хүртэл хямд өртөгтэй, цэвэр эрчим хүч экспортлох боломжтой гэж тооцоолсон байна” гэжээ.
Энэ талаар БНХАУ-ын Дэлхийн эдийн засаг, улс төрийн хүрээлэнгийн Дэлхийн эрчим хүч судлалын сектор, доктор Ван Юнжун хэлэхдээ, “Энэхүү олон улсын хурал нь энэ жил маш ач холбогдолтой болсон. Тодруулбал, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна эрчим хүчний асуудлыг хөндсөн нь цаг үеэ олсон явдал байлаа. Монгол Улс болон ОХУ нь эрчим хүчний арвин нөөцтэй. Нөгөө талдаа Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг орон эрчим хүчний ихээхэн хэрэглээтэй орон. Энэ нь эрчим хүчний салбарт бүс нутгийн орнууд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг харуулж байна. Монгол Улсын санаачилсан Говийн бүс нутагт эрчим хүчний “Азийн супер сүлжээ” байгуулах ажлыг хэрэгжүүлэх бүрэн боломжтойг төлөөллүүд онцолсон. Хятадын хувьд, сэргээгдэх эрчим хүчийг дамжуулах, хэрэглэх технологийн бүхий л туршлагаа хуваалцахад бэлэн” хэмээв.
Хурлын талаар Монгол Улсын ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд О.Энхцэцэг, “Талууд хүмүүнлэгийн чиглэлд хамтран ажиллахад идэвхийлэн саналаа хэлсэн. Энэхүү хурлаас баримт бичиг гардаггүй бөгөөд улс орнууд байр сууриа илэн далангүй илэрхийлж, санал бодлоо солилцоход гол зорилго оршино. Эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд Европын орнууд туршлагаасаа хуваалцаж, техникийн уулзалт хийсэн. Монгол Улсын санаачилсан эрчим хүчний хамтын ажиллагааны асуудлыг урагшлуулах чиглэлд талууд тохиролцоонд хүрсэн” гэлээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Б.Энхбайгаль, “Энэхүү хэлэлцээрийн түүхэнд анх удаа Засгийн газрын төлөөлөл өргөнөөр оролцлоо. Үүнээс гадна хэлэлцээрт Зүүн Хойд Азийн энхтайвныг бий болгох, тогтвортой байдлыг хангах арга замыг олон талаас хэлэлцсэн. Энд гамшгийн үеэр хамтран ажиллах асуудал, энхтайвныг бэхжүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа эрчим хүчний чиглэлд өргөн хүрээтэй ярилцлаа” гэв.
Хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулсан.
Дашрамд дурдахад, Манай улс нар, салхины эрчим хүчний арвин нөөцөө ашиглаж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Азийн супер сүлжээ” төслийг олон улстай хамтарч хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байгаа юм. Уг төсөл амжилттай хэрэгжвэл манай улс эрчим хүчний нөөцөө зүүн хойд Ази руу экспортлох бүрэн боломжтой.