Г.Хүрэл-Ухна: 100 км алхаж гүйсээр аймгийн төв орж байв

LIFESTYLE
erdenebulgan@montsame.mn
2019-06-10 15:15:12

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн малчин Г. Хүрэл-Ухныг нутгийнхан нь “Гүйдэг Ухна” гэж авгайлдаг аж.

Тэмээ, морь байтугай  мотоцикл ч хөлөглөлгүй явган таваргадаг байсан тэрээр 1978-1981 онд Эрдэнэтэд барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж байхдаа 1000 цэргийн марш тактикийн тэмцээнд түрүүлж байжээ. Цэргээс ирээд, Өргөн суманд болсон Бүх ард түмний спартакиадад мөн л түрүүлжээ. Залуудаа Эрдэнэ сумаас 100 км газар өнжин хонон алхаж, гүйсээр аймгийн төв орж байсан тухайгаа хуучилж байв.

Г. Хүрэл-Ухна гуайн бас нэг сонин хобби нь тэмээний буйл аж. Тэрээр 1971 оноос хойш буйл зорж, цуглуулсаар эдүгээ 5000 гаруй буйлтай болжээ.

Баянхонгор аймгийн Баянлиг суманд 1000 тэмээтэй малчин бий гэж сонссон. Харин 5000 буйлтай хүн надаас өөр байдгийг мэдэхгүй” гэж хууч дэлгэсэн тэрээр гэрийнхээ баруун орон дээр хураасан тэмээний буйлаас гаргаж үзүүллээ. Заримыг нь гэрийнхээ унинд хавчуулчихсан байв.

“Тухтайхан зорвол 20 минутад, яаруухан бол таван минутад дуусгачихдаг. Нас бие гүйцсэн тэмээнд бүдүүхэн буйлс мод, бага шиг тэмээнд нарийхан мод шаардлагатай. Одооны тэмээний хамар жижигхэн болсон. Тэмээгээ унаж эдлэхээ больсноос  яс чанар нь муудаж байна. Хуучны улсууд буйлыг сайхан зордогсон” гэж харамсангуй ярьж байв.

Ийм нэгэн хөдөөгийн цөлх эр говьд аж төрж ганган улаан тэмээгээ түм бумаар өсөхийг бэлгэдэн  буйл урласаар сууна