Нөхөн үржихүйн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-11 14:34:39

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны санхүүжилтээр “Нийгмийн Эгэх Хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Залуу нас-Гэрэлт ирээдүй” дэд төслийг  аймгийн ЭМГ, “Оновчтой Хөгжил” ТББ хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн хүрээнд Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгтэй хамтран нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг энэ сарын 8-9-ний өдөр Арвайхээр хотноо зохион байгууллаа. Сургалтад төр, төрийн бус байгууллагын төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн эмч нар, нийгмийн ажилтан зэрэг 30 хүн хамрагдаж, сургагч багшийн гэрчилгээ гардан авсан юм. Цаашид эдгээр сургагч багш нараар дамжуулан 15-39 насны өсвөр үе, залуучуудад нөхөн үржихүйн болон БЗДХ-ын талаар мэдээлэл, сурталчилгааг хүргэх аж.

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг оруулж эхэлсэн ч долоо хоногт ганц цаг байдаг нь бүрэн боловсрол олгоход хангалтгүй байдаг. Тиймээс “Залуу нас-Гэрэлт ирээдүй” дэд төсөл нь зорилтот бүлгүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, бэлгийн замаар дамжих халдварын тархалтыг бууруулахад үр дүнгээ өгнө хэмээн үзэж байна.


Холбоотой мэдээ