Мал экспортлох тогтоолыг цуцлахыг шаардлаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-06-11 13:47:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Махны холбоо, Арьс шир үйлдвэрлэгчдийн болон Хүнсчдийн холбооноос өнөөдөр Засгийн газрын 318-р тогтоолтой холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Мал, махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас 2017 онд гаргасан тус тогтоолд  аймаг, сумдаас үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлохыг зөвшөөрсөн юм. Тогтоолыг саяхнаас БНХАУ-ын талтай гэрээ хэлэлцээр хийх замаар хэрэгжүүлж эхэлж байгаа аж. Үүнийг мах үйлдвэрлэгчид дэмжихгүй байгаагаа илэрхийлж тогтоолыг цуцлах талаар Ерөнхий сайдад хандаж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн, Монголын Махны холбооны тэргүүн Б.Пүрэвдорж, “Сүүлийн үед тогтоолыг хэрэгжүүлж амьд мал хилээр гаргах талаар салбарын яам гэрээ хэлэлцээр хийж эрчимтэй ажиллаж байгаагаас асуудлыг дахин сөхөж байна” гэв. Тэрээр, “Махны салбарт өнөөдөр нийтдээ 10 гаруй мянган хүн ажиллаж байна. Өнгөрсөн жил бид 78 мянган тонн мах боловсруулж экспортлосон. Олон үйлдвэр техник технологийн хувьд сайжрах боломж бүрдээд буй өнөө үед Засгийн газраас нийт таван сая амьд мал экспортлохыг зөвшөөрөх гэж байна. Ингэхдээ зөвхөн нэг компанид давуу эрх олгох гэж байгаа мэдээлэл байна. Ингэвэл нэг компани үнэ тулгаж, малыг хямд үнээр авах нөхцөл байдал руу шилжинэ” гэж үзэж байгаа аж.


Мах бол үндэсний стратегийн бүтээгдэхүүн тул малыг амьдаар гаргах талаар ҮАБЗ-өөр яаралтай хэлэлцүүлэхийг шаардаж байв. БНХАУ-д мал гаргаад эхэлмэгц ОХУ, Казахстан зэрэг улс авч эхлэх байх. Ингэвэл Монголын мал ямар ч нэмүү өртөггүйгээр гарах нөхцөл байдал үүсчих вий хэмээн болгоомжилж буйгаа хэвлэлийн хуралд оролцогчид хэлж байв.

Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, “Манай улс социализмын үед л хойд хөрш рүү мал гаргаж байсан. Ингэж дахин түүхий эдийн хавсарга орон болж ухармаагүй байна. Бид малаа амьдаар нь гаргаснаар дотооддоо авч үлддэг малын түүхий эд, арьс шир, ноос ноолуураас гадна өлөн боловсруулж нэмүү өртөг шингээн экспортлох зэрэг олон боломжоо алдаж, мах боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээр тасалдан сул зогсох зэрэг эдийн засагт олон талын хор хохирол гарна” гэв.

Тэрээр, хэдийгээр мал сүрэг өсөж 60-70 сая болж байгаа ч өнгөрсөн онд арьс ширний үйлдвэрлэлийн стандарт шаардлага хангасан 5.6 сая ширхэг арьс боловсруулж нийлүүлсэн. Энэ бол 10 сая нь шаардлага хангахгүй байна гэсэн үг. Тэгэхээр одоо малаа амьдаар нь гаргаад байвал 500-аас 60 мянган ширхэг арьсыг боловсруулж чадахгүй түүхий эдээр хомсдоно. Бид технологио шинэчилж хөрөнгө оруулалт жигдрээд тогтвортой хөгжих боломж бүрдчихээд байгаа энэ үед амьд мал экспортлох нь манай салбарыг хойш татахаар байна” гэв.

Мах боловсруулагч үйлдвэрлэгчид, “Өнөөдөр бид малын гаралтай бүх төрлийн түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгож чанаржуулан, ажилтай, орлоготой, цалинтай байх юм уу эсвэл аль нэг орны мал нийлүүлдэг улс болох юм уу гэдгийг сонгох цаг болжээ” гэж байв.


Хэвлэлийн бага хуралд “Тэнгэр” групп, “Хүнс импекс”, “Махимпекс” зэрэг махны үйлдвэрүүд, Өлөн гэдэс экспортлогчдын зэрэг мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцлоо. Тэднийг өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан яаман дээрээ хүлээн авч уулзахаар болсныг хэвлэлийн бага хуралд оролцогчид мэдээлж байв.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ