Алга болсон хүүхдүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-12 12:11:39

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол баг, Баянтүнгэ хорооллын нэгдүгээр гудамжны 03 тоотод оршин суугч М.Мөнх-Эрдэний дөрвөн настай Н.Буянзаяа, Н.Хишигзаяа гэх хоёр ихэр хүүхэд алга болжээ.

Хүүхдүүдийг иргэн М.Бадамзаяа гэх 26 настай эмэгтэй харж байсан. Тэрбээр татаж унадаг өвчтэй, сэргэхдээ ухаан балмагтдаг.  Энэ оны зургаадугаар сарын 11-нд 16:20 цагийн үед Манхан сумын Хар үзүүрийн гүүр гэх газар буюу сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км зайд хүүхдүүдийн хамт дэлгүүр орох гэж яваад сураггүй болсон байна. Энэ тухай тус сумын Засаг дарга П.Мөнхбат орой 23:20 цагт Ховд аймгийн Онцгой байдлын газарт мэдээлэл өгчээ.
Дуудлагын дагуу
аймгийн ОБГ-аас эрэн хайх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг чиглэл өгч ажиллажээ. Энэ хүрээнд тус сумын  60 иргэн, 26 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажил зохион байгуулж байна.

Манхан сумын ЗДТГ болон алга болсон хүүхдүүдийн ар гэрээс хүн хүч нэмэгдүүлэх хүсэлт тавьсан бөгөөд Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчдаас хүч нэмэгдүүлэн ажиллаж байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


 

 

Холбоотой мэдээ