С.Бямбацогтыг ТББХ-ны даргаар томилохыг дэмжлээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-11 19:53:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, тус байнгын хорооны даргаар С.Бямбацогтыг томилохыг дэмжив. 


Хуралдааны эхэнд С.Бямбацогтыг ТББХ-ны даргаар томилох УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг тус бүлгийн дарга УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан. 


Байнгын хорооны даргад нэр дэвшигч Сандагийн Бямбацогт нь 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр,  2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгсжээ. Тэрбээр 1998-2000 онд "Ховдын өргөө" ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2006 онд "Нью Прогресс" ХХК-ийн захирал, 2006-2008 онд "Нью Прогресс" группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 онд "Нью Прогресс" группийн ерөнхийлөгчөөр ажиллажээ. Улмаар 2008-2012, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2013-2016 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр 2016 оны сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож ажилласан.


Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг ТББХ-ны даргаар сонгохыг дэмжлээ. Ингээд байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ