Монгол ноолуурыг дэлхийн брэнд үйлдвэрлэгчид сонирхож байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-06-12 18:01:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс байгальд ээлтэй, тогтвортой аргаар ноолуур бэлтгэсэн тохиолдолд Gucci, H&M, UNIQLO зэрэг дэлхийн томоохон брэндүүд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Дээрх компаниудын төлөөлөл манай улсад ирээд байгаа бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, ХХААХҮЯ-наас хамтран өнөөдөр зохион байгуулсан “Монгол Улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг дэмжих тогтолцооны өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлэгт оролцох үеэрээ ийнхүү мэдэгдсэн юм. Байгаль орчинд ээлтэй ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Монгол Улсад ийм санаачилгыг дэмжих зорилгоор тус хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлгийг нээж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман хэлэхдээ “Дэлхий дахинаа ноолуурын бөөний үйлдвэрлэлээс татгалзаж, бүтээгдэхүүн хийх явцад байгаль орчин, ан амьтан, үйлдвэрлэгчийн амьжиргаа зэргийг цогцоор нь харгалзан үздэг болсон” гэдгийг тодотгоод, “Ийм цаг  үед олон зуун жилээр байгаль орчинтойгоо ойр, таван хошуу малаа маллаж ирсэн, уламжлалт мал аж ахуй эрхлэлтийн үнэ цэнийг дэлхийд таниулах боломж Монголд байна” гэдгийг онцолж байв.  



“H&M” брэндийн Ази дахь салбарын төлөөлөгч Шерри Гү хэлэхдээ, “Манай брэнд дэлхийд бэлэн хувцасны үйлдвэрлэлээр гуравт ордог. Сүүлийн үед дэлхийн томоохон брэндүүд амьтны эрхийг зөрчсөн, байгальд ээлгүй үйлдвэрлэлээс татгалзаж эхэлж байна. Энэ нь гэхдээ ноолууран бүтээгдэхүүнийг хэрэглэхийг бүрэн болино гэсэн үг биш. Монгол Улсын хувьд ноолуурыг байгаль орчинд ээлтэй, эрүүл малаас түүхий эдээ авч, ингэхдээ хүүхдээр хөдөлмөр эрхлүүлээгүй зэрэг байдлаар ноос ноолуураа тогтвортой бэлтгэж байвал бид Монгол ямааны ноолуурыг өндөр үнээр авахад бэлэн байна” гэдгээ илэрхийлсэн юм.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ХАА-н бүтээгдэхүүний ногоон үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн захирал Эндрю Баварник хэлэхдээ, “Өнөөдөр бид уулзаж байгаа нь төр, хувийн хэвшил, дотоодын компани, малчид хамтарч ажиллах талбарыг (платформ) бий болгох явдал юм. Дотоодын үйлдвэрлэгчид олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж, ашигтай ажиллах боломж байгаа нь харагдсан. Ингэхийн тулд хамтарч ажиллах хэрэгтэйг сануулж байна”.

Манай улс дэлхийн ноолуурын нөөцийн 40 хувийг бэлтгэн гаргадаг. Өнгөрсөн жилээс эхлэн “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд 1570 ажлын байр бий болж 2018 онд гэхэд 1.3 их наяд төгрөгийн борлуулалт хийснийг албаныхан онцолж байв. Хэлэлцүүлэгт НҮБХХ-ийн ХАА-н бүтээгдэхүүний ногоон үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн төлөөлөл, Монголын ноос ноолуурын холбоо, AVSF байгууллага, Тогтвортой ноос ноолуурын эвсэл, Textile Exchange олон улсын сүлжээ, дэлхийн тансаг бүтээгдэхүүний брэндүүдийг эзэмшдэг Kering групп, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид зэрэг олон талын төлөөлөл оролцлоо.

М.Батчимэг

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ