ХБНГУ-ын тусламжаар авах автомашиныг онцгой албан татвараас чөлөөлнө

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-06-12 19:42:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Уг хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хавсарган өргөн мэдүүлсэн юм. “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл”-ийн I шатыг 2015-2020 онд хэрэгжиж байгаа юм. Төслийн эхний шатанд Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдыг өвөл, зуны дүрэмт хувцас, судалгааны багаж хэрэгслээр хангах, өндөр хурдны шилэн кабелийн интернетийн сүлжээнд холбох, гал түймрийн багаж хэрэгслээр тоноглогдсон бага оврын ачааны автомашин нийлүүлэх, ой, бэлчээр, биологийн олон янз байдлын суурь судалгааны ажлууд, менежментийн болон аялал жуулчлалын, орчны бүсийн төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлууд гүйцэтгэжээ. Мөн Тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын захиргаанд бартаат замын 16 машин, 64 мотоцикл нийлүүлсэн байна. Төслийн хоёрдугаар шатыг ХБНГУ-ын Засгийн газрын 19.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар хэрэгжүүлэх аж. Энэ хүрээнд Монгол орны баруун болон баруун өмнөд бүс нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг төсөлд шинээр хамруулан, I шатанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд дээрх төслийн хүрээнд импортоор оруулж ирэх автомашинуудыг Онцгой албан татвараас чөлөөлөх асуудлыг тусгажээ.


Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73 хувь хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ