Нийт хүүхдийн 53 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-06-12 20:31:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2015-2019 онд хэрэгжүүлсэн “Сургуулийн насны хүүхдийг сүрьеэгийн халдвараас урьчилан сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө” төслийн хүрээнд 6 дүүргийн 18 сургуулийн 8851 хүүхдийг судалгаанд хамруулжээ.  

Харвардын их сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны нэгж статус, “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ хамтран хэрэгжүүлсэн уг төслийн хаалтын ажиллагаа өнөөдөр болов.

Нийт хүүхдийн 53 хувь нь Д амин дэмийн түвшинг тодорхойлох шинжилгээгээр гүн дутагдалтай гэсэн үзүүлэлттэй гарчээ. Судалгааны урьдчилсан дүнгээр, Д амин дэм дутагдах нь сүрьеэгийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна.

Энэ хугацаанд шалгаруулалтаар сонгосон 100 гаруй эмч, эмнэлгийн ажилтныг Харвардын стандартын дагуу ажиллуулан судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд Д амин дэм уулгаж, хүүхэд бүрийн өсөлт хөгжлийг үнэлж, эцэг эхчүүдтэй нь долоо хоног бүр утсаар холбогдож нарийн зөвлөгөө өгч ажиллажээ.

Хаалтын үеэр Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн Их сургуулийн багш, дэд профессор  Д.Ганмаа уг судалгааны урьдчилсан дүнг танилцуулсан юм. Тэрээр хэлэхдээ, “Хүүхдийн эрүүл мэндийн төлөө хийсэн энэхүү далайцтай том ажлыг бид Монголын хүн амын  амьдралын хэв маяг, аж ахуй, цаг агаар, эдийн засаг гэх мэт хүчин зүйлийг хамруулан орчин үеийн хамгийн дэвшилтэт технологиор дэлхийн стандартын дагуу хийж гүйцэтгэлээ. Судалгаанд оролцогч 10 хүүхдийн нэг нь халдвартай гэдэг нь батлагдсан. Сүрьеэгийн халдварын тархвар зүйн судалгаа хийснээр нийгмийн эрүүл мэндийн нотолгоонд суурилсан бодлогын өөрчлөлт хийх боломжтой болдог” гэсэн юм.


Хүний биеийн дархлааны системийн хэвийн ажиллагааг дэмждэг Д аминдэмийн түвшин хэвийн хэмжээнээс бага байх нь сүрьеэгийн халдвар авах эрсдэлийг 23 хувиар нэмэгдүүлдэг байна. Хүн амын дундах сүрьеэгийн халдварын тархалтыг нарийвчлан судалж бодитоор тогтоох, халдвар авсан хүмүүсийн дархлааг дэмжиж эмчилгээнд хамруулснаар сүрьеэгийн халдварын гинжин хэлхээг таслаж иргэдийг элдэв халдварт өвчинд өртөх эрсдэлийг бууруулах боломжтойг судалгааны багийнхан онцоллоо.  

Төслийн хаалтад, судалгаанд оролцсон хүүхэд, эцэг эхчүүдээс гадна дэмжин ажилласан сүрьеэгийн эмч, эмнэлгийн ажилчид, сургуулийн захирал, багш, эмч, нийгмийн ажилчдын төлөөлөл бүхий 700 гаруй хүн оролцов.


М.Батчимэг


Холбоотой мэдээ