УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-13 10:43:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.26 цагт 54.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. 


Хэлэлцэх асуудлын жагсаалтад, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэх аж.  


Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийн талаарх гаргасан дүгнэлтийг хэлэлцэх санал гаргав. Тэрбээр, энэ асуудал Монголын ард түмэн, хөрөнгө оруулагчийн хувьд хүлээлт үүсгэсэн асуудал гэдгийг тодотгоод, маргаашийн даргын зөвлөлөөр дээрх асуудлыг хэлэлцэж, хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахыг хүсэв. 


УИХ-ын дарга Г.Занданшатар, Дээрх дүгнэлтийг хэлэлцэн ЭЗБХ, ХЗБХ-ны хамтарсан ажлын баг байгуулж, Б.Баттөмөр гишүүн ахлахаар болсныг онцлоод, ажлын багийн шийдвэрийн төсөл гараагүйг хэллээ. Тэрээр, ард түмний эрх ашгийн асуудал болсон Оюутолгойн гэрээг Монгол Улсад ашигтай болгох төсөл боловсруулах ажлын баг идэвх гарган ажиллахыг сануулав. 

Холбоотой мэдээ