Н.Учрал: Сонгууль хийхгүй бол Хэнтий аймгийг би давхар төлөөлье

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-13 12:44:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов, зардлыг шийдвэрлэсэн 22, 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв. Хуралдаанаар, цэцийн шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэлээ. 


Үндсэн хуулийн гишүүн Б.Солонго цэцийн дүгнэлтийг танилцуулав. Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн сарын 27-ны дунд суудлын хуралдаанаар УИХ-ын 22, 23 дугаар тогтоол хууль зөрчсөн гэж дүгнэв. Тодруулбал, Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хийх тов, зардал зэргийг тогтоосон дээрх тогтоол нь Сонгуулийн тухай, Төсвийн тухай болон бусад холбогдох хуулийн заалтыг зөрчжээ. УИХ-ын 23 дугаар тогтоолд, сонгуульд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Гэвч Сонгуулийн тухай хуулиар, сонгуулийн зардлыг улсын төсвөөс гаргана гэж хуульчилжээ. Харин 22 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийг ирэх сарын 30-нд товлосон. Гэтэл одоогийн хуулиар, өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг жилийн дотор сонгууль зохион байгуулахгүй байхыг нарийвчлан тусгасан хэмээн Үндсэн хуулийн цэц үзсэн байна. 


Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, О.Баасанхүү нар танилцуулсан.


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал , "Миний бие Хэнтийн Залуусын холбоог тэргүүлдэг. Хэнтий аймгийн иргэдтэй уулзахад, УИХ-д төлөөлөлтэй болох асуудлыг байнга хэлдэг. Сонгуулийг хэзээ ч хийсэн болно. Маргааш ч хийсэн яадаг юм. Гагцхүү хуулийн өөрчлөлт, гарц гаргалгааг олох хэрэгтэй. Хэрвээ Хэнтий аймаг УИХ-д төлөөлөлтэй болохгүй бол би 42 дугаар тойргийг давхар төлөөлье" гэв. 


УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, "Н.Учрал гишүүний хэлсэнтэй санал нэг, цаашид хууль тогтоомжоо эргэж харах хэрэгтэй. Амьдрал цаг бүрээр урагшилж, нарийн төвөгтэй зүйл тулгарч бид түүнд хариулт өгч чадахгүй байна. Тиймээс парламент амьдралтай нийцүүлж, хууль тогтоомжоо алдаа мадаггүй, хийдэлгүй гаргах хэрэгтэй. Цэцийн дүгнэлт "хууль зөрчөөгүй" гэж гарна гэж итгэж байсан. Тиймээс бид Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй давж заалдах асуудлыг ярьж байгаа юм" гэлээ.


УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүнийг нөхөн томилох хуулийн дагуу УИХ шийдвэр гаргасан. Цэц Хэнтий аймгийг УИХ-д төлөөлөлгүй байлгаж, бусад гишүүд төлөөлж болно гэж яриад байгаа юм.  УИХ-ын гишүүн орон гарсан бол нөхөн сонгууль явуулна гэсний дагуу УИХ шийдвэрээ гаргасан" гэв. 


Гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт нь өөрөө Үндсэн хуулиа зөрчсөн төдийгүй УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн иргэдийн төлөөллөөрөө дамжуулан засаглах эрхийг хязгаарласан, нийгэм, эдийн засгийн боломж, эрх ашгийг нь зөрчсөн, улстөржсөн шийдвэр гаргасан гэж үзэж байлаа. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авалгүй, нөхөн сонгуулийг  хуульд заасан товлосон хугацаанд  явуулах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлсэн.


Ийнхүү санал хураахад, Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн ХЗБХ, ТББХ-ны 16 саналаар нэг бүрчлэн санал хураав.  Тухайлбал, ҮХЦ-ийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэснийг дэмжээгүй. 


Мөн УИХ-ын 2019 оны 02 дугаар сарын 02-ны “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн л дэмжээгүй юм. 


Ийнхүү байнгын хорооноос гарсан саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн тул ҮХЦ-ийн энэ оны 02 дугаар дүгнэлтийг бүхэлд нь УИХ хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэх УИХ-ын тогтоолыг гишүүдийн 73.2 хувь нь дэмжлээ. 


Үргэлжлүүлэн Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ