"Лалын улс" бүлэглэлд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хэргээр баривчлагджээ

Дэлхийд | Нийгэм
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-14 11:27:29

БЕРЛИН. /FOXNEWS/. "Лалын улс" террорист бүлэглэлийн гишүүн рүү их хэмжээний мөнгө шилжүүлж, дэмжлэг үзүүлсэн хэрэгт холбогдуулан Косовогийн иргэнийг баривчиллаа гэж Германы эрх баригчид мэдэгдэв.


Холбооны прокурорын газрын мэдээлснээр, өдгөө 31 настай Хассан Режан гэгчийг өнгөрсөн лхагва гарагт Хамбург хотын ойролцоо оршдог Пиннеберг дүүргээс баривчилсан байна. Хассан Режан нь "Лалын улс" террорист бүлэглэлд 15 удаа санхүүгийн дэмжлэг үзүүлсэн болон 11 удаа Германы экспортын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.


Тэрбээр 2016-2017 онуудад Сири улс дахь "Лалын улс" террорист бүлэглэлийн гишүүн рүү 11 удаа мөнгөн шилжүүлэг хийсэн гэж прокурорууд үзжээ. Үүнээс гадна тэрбээр 2015 онд хойд Сири улс дахь "Лалын улс" бүлэглэлд элсэх хүсэлтэй Македоний иргэн рүү мөнгө шилжүүлсэн байна. Дээр дурдсан бүх мөнгөн шилжүүлгийн дүн 15 мянга орчим евро бөгөөд шилжүүлгүүдийг зуучлагчийн хувиар хийснийг мэдэгдэлд дурджээ.

Холбоотой мэдээ