ДХИС-ийн 600 орчим сонсогч дэслэгч мөрдсөө зүүлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-13 19:09:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дотоод хэргийн их сургуулийг энэ жил төгсөж цагдаа, хил, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер бүрэлдэхүүнд орж буй 600 орчим сонсогч Дэслэгч мөрдөсөө өнөөдөр гардлаа.



Цол гардуулах ёслолд ДХИС-ийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав, Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий болон бусад албаныхан оролцож төгсөгчдөд мөрдсийг нь зүүв.


Энэ үеэр ДХИС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав төгсөгчдөд тус сургуулийн Эрдмийн зөвлөл, захирлын зөвлөл болон нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэлээ. Тэрбээр хэлэхдээ, "Гэмт хэрэгтэй тэмцэх, хилийн аюулгүй байдлыг хангах, авран  хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шинжлэн магадлах ажлын эрдэм ухаанд суралцахад цэл залуу нас, бие сэтгэл, сонсогч ахуй үеэ зориулсан эрхэм шавь та бүхэн өнөөдөр эрдэм мэдлэгийн эзэн, эх орны хүү, охин  болон төлөвшлөө. Манай сургуулийг төгсөгч та бүхнээс спортын тэмцээн уралдаанаас тив дэлхий, улсын аваргууд, сурлага хөдөлмөр, судалгааны ажлаараа олон улсад шилдгээр шалгарсан олон арван залуучууд төрөн гарч эх орныхоо нэрийг өргөж яваа нь бидний бахархал. 85 жилийн буурал түүхтэй Дотоод хэргийн их сургуулийн нэрийн хуудас, амжилтын түүчээ болж явах учиртайг гүнээ ухамсарлаж, төрөлх их сургуулийнхаа алдар хүнд, төгсөгчдийн нэр төрийг өндөрт өргөж явна гэдэгт  итгэл төгс байна. Дотоод хэргийн их сургуулийн үнэт зүйл болсон эрхэм төгсөгчиддөө үндэсний аюулгүй байдал, ард түмний амгалан тайвныг сахин хамгаалах үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ. 


Энэ хичээлийн жилд тус их сургуулийн Цагдаагийн сургуулийг 303, шинжлэн магадлахуйн институтийг 37, Хилийн сургуулийг 108, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийг 80, Онцгой байдлын сургуулийг 70 сонсогч төгсөж байна.


Ийнхүү төрийн тусгай албаны эгнээнд элсэн орж буй залуу офицерууд алтан мөрдсөө гялалзуулан эх орныхоо хэрэгцээт газар томилогдон ажиллахад бэлэн боллоо.

Холбоотой мэдээ