Их говийн тэргүүн манлай дуучин шалгаруулах уралдаан болно

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-06-13 18:13:11

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь нутгийн ард иргэдийн дундаас төрсөн ардын дуу, нутгийн зохиолчдын дуу, "Баян буурал“ дууны түүврийн дуунуудыг олны хүртээл болгох, түгээн дэлгэрүүлэх, дуучдын урын санг баяжуулах, нутгийн ардын болон нутгийн зохиолчдын дууны өв сан, соёлыг дэлгэрүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран "Их говийн тэргүүн манлай дуучин" шалгаруулах 11 дэх уралдааныг зургадугаар сарын 22-23-нд зохион байгуулахаар боллоо.

Уралдаанд Дорноговь аймгийн сум, байгууллагаас шалгарсан дуучид оролцох бөгөөд нэгдүгээр шатанд Дорноговь нутгийн ардын дуунаас, хоёрдугаар шатанд Дорноговь аймгийн зохиолчдын дуунаас, гуравдугаар шатанд Дорноговь аймгийн иргэн, яруу найрагч, МУСТА М.Чулууны 2018 онд хэвлүүлсэн 143 дуутай “Баян буурал” дууны түүврийн дуунаас сонгож дуулах аж.

Нэгдүгээр байр буюу их говийн тэргүүн манлай дуучныг өргөмжлөл 500 мянган төгрөг, дэд байрт шалгарсан дуучныг 400 мянга, гутгаар байрт шалгарсан дуучныг 300 мянган төгрөгөөр шагнах бол Дорноговь нутгийн ардын дууны шилдэг дуулаач, нутгийн зохиолчдын дууны шилдэг дуулаач, “Баян буурал” дууны түүврийн дууны шилдэг дуулаачийг тус бүр 500 мянган төгрөгөөр шагнана. Уралдаанд театр чуулгын  болон  өмнө нь шалгарч байсан их говийн манлай дуучид оролцохгүй.

Холбоотой мэдээ