Эрхүү хотноо Байкалийн олон улсын үзэсгэлэн, бизнес уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-13 19:10:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү хотноо Байкалийн олон улсын бага хурал, үзэсгэлэн, бизнес уулзалт болно.

Энэ оны наймдугаар сарын 15-17-нд зохиох дээрх үйл явдалд Монгол, БНХАУ, БНСУ, Беларусь, Польш зэрэг орны төлөөлөгч, бизнес эрхлэгчид оролцохоос гадна ОХУ-ын Эрхүү муж болон Байкал орчмын бүс нутгийн төрийн байгууллагууд, ОХУ-ын ХАҮТ, гадаадын дипломат төлөөлөгчийн газрууд, хөрөнгө оруулагчид, экспорт, импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг томоохон ААН, жижиг дунд бизнес эрхлэгчид болон бүс нутгийн их дээд сургуулиудын төлөөлөл оролцох юм. 

Байкалын олон улсын бага хурлын үеэр Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, IT технологи, цахим худалдаа, аялал жуулчлал, ХАА, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хүрээнд хурал уулзалт, үзэсгэлэн худалдаа болохоос гадна Эрхүү мужид үйл ажиллагаа эрхэлдэг томоохон ААН-үүдээр зочлох бизнес аялал, Дорнод Сибирийн ХАҮТ-ын 45 жилийн ойн ёслол, хүндэтгэлийн концерт, хүлээн авалт болно. 

Зохион байгуулагч тал ХАА, газар тариалангийн тоног төхөөрөмж, улаан буудай, рапс, малын тэжээл, шатах, тослох материал, аялал жуулчлал, тээвэр ложистикийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН, байгууллагуудыг түлхүү хамруулж өгөх хүсэлтийг МҮХАҮТ-д уламжилсан байна.

Холбоотой мэдээ