УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-14 11:30:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.45 цагт 58 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ.


Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхдээ, гишүүд нэгдсэн ойлголттой болох, Ерөнхийлөгчийн байр суурийг сонсох хэрэгтэйг хэлсэн. Тэрээр, Сум, аймгийн түвшинд хэт намчирхаж, улс төрждөг зүйлийг өөрчлөхөд хуулийн төслийг дэмжсэн гэлээ.


УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийн талаарх ажлын багийн дүгнэлтийг хэлэлцүүлгийн завсрын үеэр хэлэлцэхийг хүссэн. Мөн тэрээр, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа, ажил муудсан газар "лидер"-үүдийг томилдог байх чиглэлийг тусгах хэрэгтэйг онцолсон. 


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Нэмэлт өөрчлөлтийн төсөлд оновчтой зүйл байгаа ч эргэж харах зүйл байгааг хэлсэн. Мөн хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө хуульд нийцсэн эсэхийг нягтлах хэрэгтэйг зөвлөлөө. Тэрээр, Ерөнхийлөгчийн саналыг тусгаагүй, хуульд нийцүүлэн өргөн бариагүй, хуучин дэгийн хуулиар хэлэлцэж байгааг эсэргүүцсэн. Хэрвээ эдгээрийг засахгүй бол цөөнх сөрөг хүчин чуулганы танхимыг орхин гарахаас өөр аргагүй болно гэлээ.


УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Парламентад гурван намын төлөөлөл байгааг тодотгоод, намууд зөвшилцөж чадахгүй байгааг хэлсэн. Тодруулбал, сөрөг хүчнээс төрийн тэргүүний байр суурийг сонсоогүй, хуулийн зөрчил байгааг сануулж байгааг тэрээр онцолсон. Мөн хуулийн төслийг хэлэлцэхдээ, шинэ дэгийн хуулиар хэлэлцэх шаардлагатайг хэллээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гишүүдийн ирц дөрөвний гурваас дээш байх ёстойг хэлээд, өнөөдрийн хуралдаанд 75 гишүүнээс 69 ирсэн, ирц 80 хувь болсныг хэллээ. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх боломжтой гэв.


Ийнхүү чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг төслийн нэг дэх хэлэлцүүлэг хийж байна.

Холбоотой мэдээ