Цусны донорын дэлхийн өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-06-14 10:32:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй цусны донорын дэлхийн өдрийг манай улс 15 дахь жилдээ тэмдэглэж байна.


2005 оноос эхлэн дэлхий нийтээр жил бүрийн энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор "Цусны донорын өдөр" болгон тэмдэглэж иржээ. 

Цус цусан бүтээгдэхүүний захиалга, хэрэглээ сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдсээр байна. Тухайлбал, манай улсад элэг шилжүүлэн суулгах нэг хагалгаанд дунджаар 100 гаруй, төрөхийн хүндрэлээс болж цус алдсан эхчүүдэд жилд дунджаар 5000 гаруй, түлэгдэлтийн улмаас жилд 1000 гаруй, осол гэмтлийн улмаас 5000 гаруй хүний өгсөн цус тус тус хэрэглэдэг гэсэн статистик тоон мэдээ байна.

Эдгээр тоо баримтаас үзэхэд цусны донорын үйлс нь бүх нийтийн үйл хэрэг болохыг илэрхийлж байгаа юм. Иймээс эгэлгүй ачтан доноруудыг энх цагийн чимээгүй баатрууд хэмээн өргөмжилдөг. 
Хөгжиж буй орнуудын хувьд, 1000 хүн тутамд 15 нь цус өгч байж тухайн улсынхаа цусны хэрэгцээг хангана гэсэн ДЭМБ-ын зөвлөмж байдаг. Тиймээс донорын эгнээг өргөжүүлэх асуудал ЭМЯ, Цусны албанаас гадна төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж иргэн бүрт хамааралтай юм. Цусны донорын үйлс, цусаа өгөхийн ач холбогдол, хэрэгцээг ойлгон дэмжиж ЦССҮТ, цусны салбар төвүүдээс зохион байгуулдаг төрөл бүрийн үйл ажиллагааг хамтран тэмдэглэх сонирхол цар хүрээгээ тэлсээр байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Эл өдрийг тохиолдуулан "Цусны 1000 донорын Үндэсний чуулган" Төрийн ордонд болох юм. Энэ чуулганыг анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулна. 

Холбоотой мэдээ