Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт дөрвөн тахь нутагшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-15 19:20:54

Ховд /МОНЦАМЭ/.  Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт хамаарах Ховд аймгийн Үенч, Алтай сумын нутагт дөрвөн тахь (гүү) нутагшуулахаар төлөвлөж байна. 

Олон Улсын Тахь Групп нь Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ, Бүгд Найрамдах Чех улсын “Хөгжлийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд ховордсон ан амьтдыг нөхөн үржүүлэх, хайрлан хамгаалах зорилгоор 2001 оноос эхлэн "Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Чех улсын Прага хотын Амьтны хүрээлэнгээс 32 тахийг Говийн Их Дархан Цаазат газрын Б хэсэгт нутагшуулж байсан. Тэгвэл энэ сарын 19-ний өдөр дахин дөрвөн тахийг (гүү) унаган байгальд нь авчрах юм.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Прага хотын Амьтны хүрээлэнгийн дэд захирал Яруслов Шименк, менежер Ирина Валашкова, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар нартай уулзаж, тахь тээвэрлэлт, аюулгүй ажиллагааны талаар санал солилцлоо.

Тухайн дөрвөн тахийг Чех улсын цэргийн нисэх хүчний "Casa" агаарын хөлөг онгоцоор Монгол руу тээвэрлэж, Ховд аймгийн Булган суманд авчран тэндээсээ машинаар нутагшуулах газарт хүргэнэ. 
Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт өнгөрсөн онд  230 орчим тахь нутагшиж байсан. Тэгвэл энэ хавар 40 гаруй гүү унагалж, тахийн тоо толгой 270 гаруй болж өсчээ.


 

Холбоотой мэдээ