Усанд автсан байшингаас гурван хүүхэд аварлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-15 20:39:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Лүн сумын нутаг, Атарын сангийн аж ахуй гэх газар үерт автжээ. Тус суурингийн усанд автсан байшингаас гурван хүүг нутгийн иргэд болон Онцгой байдлын алба хаагчид дөнгөж сая аварлаа.


Тус сууринг улсын чанартай А0301 автозам дайран өнгөрдөг бөгөөд замын зорчих хэсгийн гурван километр газар усанд автжээ. Иймд Төв аймгийн Замын цагдаагийн газраас эл замын хөдөлгөөнийг хаажээ. Түүнчлэн Улаанбаатар хотоос гарсан улс хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийг буцаан татах, орон нутгаас ирж буй тээврийн хэрэгслийг хот, суурин газар байршуулах арга хэмжээг авч ажиллаж байна.



Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, энэ сарын хоёрдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар дуу цахилгаантай их хэмжээний бороо үргэлжилж орох бөгөөд, зарим газар салхи секундэд 12-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна. Энэхүү мэдээлэлд үндэслэн Онцгой байдлын байгууллагаас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх дараах анхааруулгыг гаргажээ. 


  • Урин дулаан аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,
  • Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
  • Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Холбоотой мэдээ