"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ордон"-ы шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-06-16 22:41:41

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ордон"-ы шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Тус ордон ашиглалтад орсноор худалдаа үйлчилгээ явуулах, мэдээ мэдээллээ солилцох, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ авах, өдөр өнжүүлэх, урлаг уран сайхан, биеийн тамираар хичээллэх зэрэг бүхий л үйл ажиллагаанд нэг дор хамрагдах боломж бүрдэх юм байна.

"Манай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй 3000 гаруй иргэний сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх боломжийг нээсэн, тухайн иргэдийн тусгай хэрэгцээнд нийцсэн ээлтэй орчин энэхүү ордонд бүрдэнэ. Тус төвөөр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамтдаа хөгжих боломж нөхцөл нь нээгдэж, нийгэмд бусдын тусламж дэмжлэг шаардагдахгүйгээр бие даан ажиллаж амьдрах чадвар нэмэгдэх юм" гэдгийг шав тавих ёслолын үеэр аймгийн удирдлагууд онцолж байв. 

Олон улсын стандартын түвшинд нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай хэрэгцээнд зориулсан тус төв УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилга, дэмжлэгээр барихаар болжээ. 
Дашрамд, Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй 3100 орчим иргэн байгаа нь аймгийн нийт хүн амын 3.7 хувь байна.
Холбоотой мэдээ