Монгол-Япон сургалтын эмнэлгийг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-16 19:06:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баянзүрх дүүрэгт байгуулсан, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Япон сургалтын эмнэлгийг өнөөдөр нээв. 


Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро болон АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон зэрэг албаныхан оролцов. 



Японы Засгийн газраас энэхүү эмнэлгийг байгуулаад зогсохгүй, өндөр хүчин чадал бүхий MRI, КТ зэрэг дүрс оношилгооны тоног төхөөрөмж, судсан дотуурх оношилгооны иж бүрдэл, лабораторийн бүрэн автомат анализатор зэрэг хамгийн сүүлийн үеийн шинэ техник технологи суурилуулж, дэлхийн жишигт нийцүүлжээ.


Мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг нийт 17 төрлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой аж. Ингэснээр, манай улсын иргэд гадаадыг зорьж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах урсгал буурна гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн үеэр онцлов. 



Тэрбээр, “Монгол Япон сургалтын эмнэлэгт хамгийн сүүлийн үеийн технологи бүхий тархины мэс заслын аппарат, хорт хавдрыг эсийн түвшинд оношлох дуран, дүрс оношилгооны иж бүрдэл зэрэг 106 нэр төрлийн 493 ширхэг багаж, тоног төхөөрөмж суурилуулжээ. Мөн манай эмч мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулах 24 удаагийн сургалт явуулж, давхардсан тоогоор, гурван мянга орчим эмч, эмнэлгийн ажилтныг мэргэшүүлсэн байна. Ийнхүү өндөр мэргэшсэн эмч, багш нартай, сүүлийн үеийн технологи, тоног төхөөрөмжтэй, сургалт, судалгаа, оношилгоо, эмчилгээний гурвалсан чиг үүрэг бүхий цогц ажиллагааг япон стандартаар явуулах боломж бүрдүүлсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Японы Засгийн газарт талархал илэрхийлж байна” хэмээв. 



Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро хэлэхдээ, “Энэ эмнэлэг япон стандартын сургалт болон эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх бөгөөд Монголдоо анхдагч сургалтын эмнэлэг юм. Өнөөг хүртэл Монголын залуу эмч нар сургуулиа төгсөөд л эмчилгээ, үзлэг хийдэг байсан бол, одоо сургалт, дадлага хийх боломж нээгдлээ. Өнөөдрөөс хойш гурван жилийн хугацаанд Японы Засгийн газар, хувийн хэвшил хамтран энэхүү эмнэлгийн тогтвортой менежментийг хангах үүднээс хэрэгцээтэй техник, тоног төхөөрөмжийг шилжүүлж туслана. Ийнхүү хоёр улсын засгийн газрын хүчин чармайлтын үр дүнд Монголын эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар сайжирч байна. Монголын ард түмний хамгийн чухал үнэт зүйл нь эрүүл мэнд. Японы Засгийн газар танай улсын эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулж байгаа нь нэр хүндийн хэрэг. Энэхүү төсөл нь Монгол, Японы мөнхийн найрамдал, анд нөхдийн барилдлагын бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэж байна” гэлээ. 



Эмнэлгийн нээлтийн үеэр, Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Тарод Монгол Улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа АШУҮИС-ийн хөгжилд оруулсан хувь нэмэр, гавьяаг нь үнэлж, АШУҮИС-ийн хүндэт доктор цол олголоо. 



Энэхүү эмнэлэг нь япон стандартаар 10 дугаар сарын 1-н хүртэл “Start Up” буюу тоног төхөөрөмжөө турших, эмч мэргэжилтнээ тоног төхөөрөмждөө сургах зэргээр ажлаа жигдрүүлсний дараа иргэдэд үйлчилж эхлэх юм байна.


Монгол-Япон эмнэлгийг барих талаар 2012 онд хэлэлцүүлэг өрнүүлж, тус ондоо манай Засгийн газраас их сургуулийн эмнэлэг барих, ашиглалтад оруулахад буцалтгүй тусламж үзүүлэх хүсэлтийг Японы Засгийн газарт хүргүүлж байсан нь ийнхүү биеллээ. 


Гэрэл зургийг: Т.Чимгээ

Холбоотой мэдээ