Энэ долоо хоногт олон улсад болох онцлох үйл явдлууд

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-06-17 11:00:15

ЛОНДОН. /BBC/. Эхэлж буй шинэ долоо хоногт болох онцлох, сонирхолтой үйл явдлууд.


  • Д.Трамп дахин нэр дэвших үү? (Тийм)


Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөх талаараа олон нийтэд зарласны ой энэ долоо хоногт тохионо. Үүнээс цааш юу болсныг бид бүгд мэдэж байгаа.


Энэхүү ойг Д.Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ дахин мэдэгдэхээс илүү сайнаар тэмдэглэх болов уу? Үнэндээ Д.Трамп уг албан тушаалд өрсөлдөхөө хэзээ ч зогсоогоогүй бөгөөд тэрбээр Цагаан ордонд ирсэн даруйдаа 2020 оны сонгуулийн санхүүжилт босгох ажлаа эхлүүлжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч пүрэв гарагт Орландо хотод очих үеэрээ уг мэдэгдлийг албан ёсоор хийх төлөвтэй байна. АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвшихээс татгалзсан тавхан тохиолдол гарч байсныг дурдвал Жеймс К.Полк, Резерфорд Б.Хейс, Жеймс Бьюкенен, Линдон Бэйнс Жонсон, Кэлвин Кулиж нар юм. Тэдний сүүлийн хоёр нь өмнөх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй /нас барсан/ байхад халааг нь авч, бүрэн эрхийн хугацааг нь дуусгаж байжээ.


  • Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалын төлөөх өрсөлдөөн ширүүснэ


Их Британийн Ерөнхий сайдыг тодруулах дараагийн шатны санал хураалт мягмар гарагт болно. Консерватив намын даргад нэр дэвшигчдийн тоо хэдийнэ 10-аас 6 болсон бөгөөд цаашид улам цөөрөх юм.


Мягмар гарагт парламентын гишүүдийн дунд явуулах санал хураалтаар 10 хувиас бага санал авсан хүмүүс хасагдана. Үүнээс хоёр цагийн дараа нэр дэвшигчид “BBC” сувгийн мэтгэлцээнд оролцоно. Энэ долоо хоногт өөр санал хураалтууд мөн болох бөгөөд хоёр нэр дэвшигч шигшигдэн үлдсэний дараа ирэх долдугаар сарын 22-нд шинэ удирдагч тодорно.


Өнгөрсөн долоо хоногт явуулсан эхний шатны санал хураалтад Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон тэргүүлсэн билээ.


  • Истанбулд дахин сонгууль болно


Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Туркийн Истанбул хотын даргын сонгуульд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам цөөн хувийн саналаар ялагдал хүлээсэн билээ. Харин эрх баригч нам санал хураалтын зөрчлүүд илэрсэн талаар олон нийтэд мэдэгдсэнтэй холбоотойгоор дахин сонгууль явуулах шийдвэрийг Туркийн Сонгуулийн хороо гаргасан юм.


Энэ явдлын дараа Истанбул хотод эсэргүүцлийн жагсаал өрнөсний зэрэгцээ Европын орнуудын Засгийн газрууд ч дээрх шийдвэрийг хүчтэй шүүмжилсэн билээ. Истанбул хотын даргын сонгууль энэ долоо хоногийн ням гарагт болно.


  • Африкийн хөл бөмбөгийн наадам


Африкийн хөл бөмбөгийн хамгийн том тэмцээн болох Африк тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах 32 дугаар тэмцээн энэ долоо хоногийн баасан гарагт эхэлнэ.


2017 онд ялагчийн цомыг хүртсэн Камерун дахин аваргална хэмээн найдаж байгаа бол энэ удаагийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулж буй Египет ч мөн хүчтэй өрсөлдөгчдийн тоонд багтаж байна. Тэмцээнд оролцох багуудын тоо энэ онд 16-аас 24 болж нэмэгджээ. 

Холбоотой мэдээ