Сэлэнгийн авьяастнууд Азийн ардын урлагийн их наадмаас богц дүүрэн ирлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-06-17 12:24:36

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголд анх удаа болж байгаа Азийн ардын урлагийн их наадамд амжилттай оролцон дэд байрт шалгарсан Сэлэнгэ аймгийн морин хуурын “Таван хан” хамтлагийн уран бүтээлчид Дэлхийн ардын урлагийн их наадамд оролцох урилга хүлээн авчээ.

"Азийн ардын урлагийн их наадам"-д Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын дуучид, хөгжимчдөөс гадна сумдын ардын авьяастнууд оролцсон юм. Энэхүү анх удаа болсон их наадмын нэгдүгээр шатнаас шалгарсан авьяастнууд маань 2-р шатны шалгаруулалтад амжилттай оролцож, богц дүүрэн иржээ.

Тухайлбал, Ардын дууны гоцлол төрөлд АДБ-ийн Сэлэнгийн долгио чуулгын гоцлол дуучин, СТА Б.Цолмон нийт 145 дуучнаас шалгарч гутгаар байр, Ардын хөгжмийн гоцлол төрөлд мөн чуулгын хөгжимчин З.Одонтунгалаг 80 хөгжимчнөөс шалгарч гутгаар байр, Ардын хөгжмийн хамтлаг төрөлд “Таван хан” морин хуурын хамтлаг 16 хамтлагаас шалгарч дэд байрт шалгарсан байна.

Мөн наадамд амжилттай оролцож, оноогоороо Язгуур урлагийн төрөлд 46 хамтлагаас Сайхан сумын “Нарны охид” хамтлаг, Зан үйлийн чуулгын төрөлд 29 хамтлагаас Жавхлант сумын Эгшиглэнхамтлаг тус тус 4-р байр эзэлжээ. Тус наадмын шагнал гардуулах ёслолын үеэр Засгийн газрын шагнал Монгол Улсын “Тэргүүний ардын авьяастанцол тэмдгээр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ардын авьяастан Н.Хишгээсүрэн, Б.Баттулга нарыг шагнасан байна.  

Энэхүү Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй "Азийн ардын урлагийн их наадам"-д ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Франц, Энэтхэг, Бүгд Найрамдах Узбекистан улс, Йордан улс, Малайз, ОХУ-ын Буриад, Тува зэрэг 12 орны 200 гаруй уран бүтээлч оролцжээ.

Холбоотой мэдээ