Лүн сум руу чиглэсэн замыг үргэлжлүүлэн хааж болзошгүйг анхааруулав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-17 15:12:46
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянхангай, Лүн сум чиглэлийн авто замыг энэ сарын 15-17-ны 18.00 цагийн хооронд хаасан ч зорчих хэсгийн нөхцөл байдлаас хамаарч сунгаж болзошгүй талаар Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлэв. 


Амралтын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас орон нутгийн авто зам эвдэрч нийслэлээс гарч буй хөдөлгөөнд ихээхэн хүндрэл учирч байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотоос баруун чиглэлд 117 км буюу Төв аймаг, Баянхангай, Лүн чиглэлийн авто замын зорчих хэсэг цөмөрчээ. Иймд эл замын хөдөлгөөнийг ЗТХ-ийн сайдын тушаалаар хаасан бөгөөд, Тээврийн цагдаагийн алба нийслэлээс гарсан улс хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийг буцаан татах, орон нутгаас ирж буй тээврийн хэрэгслийг хот, суурин газар байршуулах арга хэмжээг авсан байна.


Мөн Төв аймгаас Дундговь аймгийн Мандалговь руу явах 70 км-т зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ бороонд урссан байна. Төв аймгийн замын цагдаагаас зохицуулж байгаа талаар ТЦА-ны УСХ-ийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал хэллээ. Тиймээс жолооч нарт замын хаасан хэсгүүдээр явахгүй байж, онц шаардлагагүй бол орон нутгийн замд гарахгүй байхыг сануулав. 


Энэ сарын 16-нд 18.10 цагт Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатрын чиглэлд 10 км-т “Toyota Land cruiser” загварын тээврийн хэрэгсэл осолдож, зорчигч, жолооч нарын таван хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Тиймээс эвдэрч гэмтсэн замаар зорчихдоо хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагаадийн албанаас анхаарууллаа. 

А.Гэрэлтуяа

Холбоотой мэдээ