Дундговийнхоо үйлдвэрлэгчдийг чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болгохыг зорьж байна

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-06-19 11:33:04
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн төвд “Дундговьд үйлдвэрлэв” гэсэн хаяг бүхий гадаад, дотоодын жуулчдын орох дуртай, орон нутгийн онцлог, шинж чанарыг харуулсан хүссэн бараа бүтээгдэхүүнээ худалдан авдаг нэгэн дэлгүүр зам дагуу байрладаг. Тэр дэлгүүрийг санаачилж, ажил хэрэг болгож яваа эмэгтэйг Б.Лхагвасүрэн гэдэг.

Хүнд зорилго байгаад, түүнийхээ төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж гэмээнэ амжилтад хүрдэг. Б.Лхагвасүрэн аймгийнхаа үйлдвэрлэгч, хэрэглэгчдийг зах зээлд холбож, үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах дэлгүүр ажиллуулах их мөрөөдлийг тээж явсаар түүнийгээ 2017 оноос хэрэгжүүлж эхэлжээ.

Орон нутагт үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд зах зээлд танигдах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх, хэрэглэгчийнхээ хүсэл сонирхолд нийцүүлж бүтээгдэхүүнээ сайжруулах, хөгжүүлэх асуудал чухал байдаг.

Чухамхүү энэ зүйлд санаа зовниж явсан хүний нэг бол Б.Лхагвасүрэн. Анх ахынхаа сэлбэгийн дэлгүүрт ажиллаж, Сартус ХХК-ийн нягтлан байсан тэрээр 2010 оны үед "Мерси Кор" Олон улсын байгууллагатай ажил, амьдралаа холбож, “Дундговь хөгжил санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллан, "Мерси Кор"-ын Бизнесийг дэмжих байгууллагаар шалгарч олон жил бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж байх явцдаа орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллахын чухлыг ойлгожээ.

“Эхлээд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ дэлгүүрт маань тавьж, тэрнээс нь манай дэлгүүр тодорхой хэмжээний хувь авах зарчмаар явж байсан. Гэтэл эсгий, оёдол, гар урлалын бүтээгдэхүүний чанар, загвар, хийц огт сайжрахгүй, нэг л байрандаа байж, хуучнаараа сэтгээд байсан. Тэр нь ч нэг их сайн зарагдахгүй. Тэгэхээр нь менежментээ өөрчилж, би өөрөө материалаа өгч, шалгуур тавьж, өнгө, загвараа хэлж захиалаад, үйлдвэрлэгчиддээ хийсэн ажлынх нь хөлсийг өгдөг болсон. Тэгсэн чинь манай бүтээгдэхүүний чанар, хийц загвар нь сайжирч, борлуулалт ч сайн болсон. Үйлдвэрлэгчид ч их сэтгэл өндөр байгаа. Доод тал нь 800 мянган төгрөг сардаа авдаг болсон. Энэ бол тэдний хувьд цэвэр ашиг нь л гэсэн үг шүү дээ, өмнө нь ийм ашиг олж байгаагүй” хэмээн Б.Лхагвасүрэн ярьсан юм.

“Манай дэлгүүрийн худалдан авагчид ихэнхдээ гадаад, дотоодын жуулчид л байдаг. Одоо АНУ, Швед гээд гадаад орнуудаас надтай холбогдоод өнгө, загвараа хэлээд захиалгаа өгдөг болсон. Монгол хувцас, гоёлын бүс, бэлэг дурсгалын зүйлс, тэр дундаа ширэн түлхүүрийн оосруудыг захиалж хийлгэдэг. Аймгийнхаа онцлогийг харуулсан ил захидал одоо хэвлэж тавина. Гадаадын жуулчид орж ирээд марк наагаад гэр рүүгээ ил захидал илгээх тийм боломжийг бүрдүүлэх гэж байна, мөн кофе уугаад яриад суух, интернетэд орох тохилог орчинг нэмж бий болгоно” хэмээн ирээдүйн төлөвлөгөөгөө ч танилцууллаа.

Тус дэлгүүр өнөөдөр 7 хүнийг ажлын байраар ханган, цалинжуулж ажиллуулдаг. Өмнө нь гудамжинд таарсан жуулчид “Танай аймгийн онцлогтой бэлэг дурсгалын зүйл авбал хаанаас авах вэ?” гэж асуухад хэлэх үггүй сандардаг байсан бол одоо нүүр бардам зааж өгөх дэлгүүртэй болсонд Дундговьчууд талархаж байна. 

Холбоотой мэдээ