Шотландад согтууруулах ундааны борлуулалт буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-06-19 15:56:29

ЭДИНБУРГ. /BBC/. Өнгөрсөн онд Шотландчууд урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй бага хэмжээний согтууруулах ундаа худалдан авсан талаар тус улсын Үндэсний эрүүл мэндийн газрын тайланд мэдээлжээ. Согтууруулах ундааны борлуулалтын үзүүлэлтийг 1990-ээд оноос бүртгэж эхэлсэн байна.


2018 онд Шотландад согтууруулах ундаа худалдан авсан насанд хүрсэн иргэдийн тоо Англи, Уэльсийн дундаж үзүүлэлтээс өндөр байсан хэдий ч өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад зөрүү нь багассан байжээ.


Шотландчуудын согтууруулах ундааны хэрэглээг бууруулахын тулд өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нд нэг нэгж алкоголийн үнийн доод хэмжээг тогтоожээ. Тайланг гаргасан мэргэжилтнүүдийн хэлснээр, дээрх арга хэмжээний үр дүнг тодорхойлоход эрт байгаа хэдий ч эхний үзүүлэлтүүд сайн гарсан ажээ.


Нэг нэгж алкоголийн хамгийн бага үнийг тогтоосон дэлхийн анхны орон Шотланд болжээ. Ингэснээр хямд үнэтэй тунгалаг шар айраг, алимны дарс ба спиртийн үнийг нэмэгдүүлж, согтууруулах ундааны хэрэглээг бууруулахыг зорьж байгаа аж.


Өнгөрсөн онд Шотландын насанд хүрсэн иргэн долоо хоногт дунджаар 19 нэгж согтууруулах ундаа худалдан авсан байна. Харин Их Британид долоо хоногийн дээд хязгаарыг 14 нэгжээр тогтоосон байдаг ажээ. 

Холбоотой мэдээ