Хорт хавдрын туяа эмчилгээнд шинэ технологи нэвтрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-06-19 18:33:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХСҮТ-ийн “Туяа эмчилгээний технологийн дэвшил-шугаман хурдасгуур” аппаратыг Монгол Улсад анх удаа хавдрын туяа эмчилгээнд нэвтрүүлэх нээлтийн ёслол өнөөдөр боллоо.


Монгол Улсын Засгийн газрын дөрвөн сая еврогийн хөрөнгө оруулалттай төслийн хүрээнд хоёр шугаман хурдасгуур аппаратыг тус төвд суурилуулан, энэ сарын 17-ноос эмчилгээ үйлчилгээнд ашиглаж эхэлжээ.

Монгол Улсад тохиолдож буй хорт хавдрын дийлэнх хувь буюу 40 орчим хувийг элэгний хавдар эзэлдэг бөгөөд үүнд туяа эмчилгээг хийх боломжгүй байсан. Харин шугаман хурдасгуурт 2 шинэ аппарат суурилуулснаар элэгний хавдрын үед хийх эмчилгээний боломж нэмэгдэж байна. Туяа эмчилгээний үр дүн сайжирснаар эмчлүүлэгчийн амьдрах хугацааг уртасгах, амьдралын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.

ХСҮТ-ийн ахлах физикч В.Энхцэцэг, “Өмнө нь бидний ашигладаг байсан аппарат технологийн хувьд хоцрогдмол байсан. Тухайн үед  жилд 600 гаруй өвчтөнд эмчилгээ хийдэг байсан бол, одоо 1000 гаруй хүнийг эмчлэх боломжтой боллоо. Үүнтэй зэрэгцээд эмчилгээний чанар сайжирч байна. Хавдрын нөхцөлийг нарийн тооцоолж, хавдрын эд эсийг үхүүлэх, үржүүлэх магадлалыг зогсоох үйлчилгээ үзүүлнэ. Хоёр шугаман хурдасгуурын аппаратыг нэг дор байршуулснаар эх орондоо дэлхийн стандартын дагуу хавдрын эмчилгээ хийх боломж бүрдэж том шат ахиж байна. Өвчтөнийг аппаратанд оруулахаас өмнө хавдрын төрөл, үе шат, аль эрхтэнд байрласан зэргийг тооцож эрүүл эрхтэнд очих цацрагийн нөлөөллийг бага байлгахаар тохируулдаг. Түүний дараагаар цацраг гарч эмчилгээ хийх үед өвчтөнд ямар нэг зовиур, өвдөлт мэдрэгдэхгүй” гэлээ.

Энэхүү шугаман хурдасгуур аппаратыг гурван сарын турш шалгаж, эмчилгээг хийх туяаны эмч, эмнэлгийн физикч, дозиметрист, шарлагын техникч нарын мэргэжилтнийг бэлтгэжээ.   

М.Батчимэг

 

Гэрэл зургийг Н.Батбаяр






Холбоотой мэдээ