Оросоос хий импортлохыг хориглох тухай хуулийн төслийг дэмжжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 17 /DW/. Хоолойгоор дамжуулдаг хий болон шингэрүүлсэн хийг
Оросоос импортлохыг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хориглох тухай хуулийн
төслийг Европын парламентын Аж үйлдвэр, судалгаа, эрчим хүчний хороо болон Олон
улсын худалдааны асуудал эрхэлсэн хороо дэмжсэн байна.
Ингэхдээ 2025 оны зургаадугаар сарын 17-ноос өмнө байгуулсан богино
хугацаат хэлцлүүд 2026 оны зургаадугаар сарын 17 хүртэл, урт хугацаат хэлцлүүд
2027 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хүчинтэй байна гэдгийг дээрх хуулийн төсөлд заажээ.
Европарламентын хэвлэлийн мэдээнд дурдсанаар, Оросын тал эрчим хүчний эх
үүсвэрийг Европын Холбооны эсрэг зэвсэг болгон байнга ашиглаж байгаагийн хариуд
дээрх хуулийн төслийг хэлэлцэж байна.
Уг төслийг энэ оны зургаадугаар сард тодорхойлсон Европын Комиссын байр
суурьд үндэслэн боловсруулжээ. Харин парламентын гишүүд тус комиссын анхны
саналд тусгасан нөхцлийг улам чангатгаж, Оросын нефть, нефтийн бүтээгдэхүүнийг импортод
хориг тавих асуудлыг хөндсөн байна.
Түүнчлэн Оростой байгуулсан хий худалдан авах урт хугацаат хэлцлүүдийг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс цуцлахыг Европын Комисс санал болгосон бол парламентын гишүүд эл хугацааг нэг жилээр наашлуулжээ. Үүний сацуу хоолойгоор хий авдаг далайд гарцгүй орнуудыг дээрх импортын хоригийг хэрэгжүүлэхээс чөлөөлөх тухай саналыг хуулийн төсөлд оруулсан байсан боловч дараа нь хасжээ. Мөн 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ЕХ-ны нутаг дэвсгэрт Оросын байгалийн хийг түр хугацаагаар хадгалахыг хориглох тухай саналыг тусгасан байна.
Түүнчлэн 2026 оноос эхлэн Оросын нефть, нефтийн бүтээгдэхүүнийг импортлохыг
хориглох тухай асуудлыг хөнджээ.