Нийслэлийн 227 залуу хөтөч болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-06-20 12:33:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуучуудыг аялал жуулчлалын салбарт хөдөлмөр эрхлэхийг дэмжих, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Нийслэлийн залуу хөтөч” сургалтад 313 залуу бүртгүүлснээс, амжилттай суралцсан 227 нь батламж гардлаа.


Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Аялал жуулчлалын газар хамтран аяллын хөтчийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг 3 дахь жилдээ нийслэлийн Иргэний танхимд энэ сарын 17-19-нд зохион байгуулсан юм.

Суралцагч Б.Үнэнбат, “Өмнө нь аяллын хөтчийн талаарх өнгөцхөн ойлголттой байлаа. Харин энэхүү сургалтад хамрагдсанаар аяллыг эрсдэлгүй, сонирхолтой зохион байгуулах хөтөлбөр хэрхэн гаргах, дэлхийн олон орны соёлын ялгааны талаарх ойлголт,  эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн хүргэх, Монгол орныхоо соёлын дурсгалт газруудын талаарх мэдээлэл зэрэг олон талын цогц мэдлэгийг богино хугацаанд мэргэшсэн багш нараас авсандаа баяртай байна” гэв.

Амжилттай суралцсан залуучуудаас сургалтын агуулгын хүрээнд эсээ бичих болон тестийн шалгалт авч өндөр оноо авсан 90 залуу өнөөдөр “Сити тур” хотын автобустай аялалд гарч, мэргэжлийн хөтчийн хамт Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт газруудтай  танилцах дадлага хийв.


Холбоотой мэдээ