Сайнцагаан сумын нэгдүгээр цэцэрлэгийн барилгын ажил эхэллээ

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-06-20 16:43:38
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын нэгдүгээр цэцэрлэгийн шинэ барилгатай болох асуудал шийдэгдэж, өчигдөр зургаадугаар сарын 20-ны өдөр 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн шав тавьж, барилгын ажил эхэллээ.

150 ортой энэхүү цэцэрлэгийн барилга 1,558 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй юм. 

2016 оны 10 дугаар сард тус цэцэрлэгийн барилгын тааз нуралт өгсний улмаас аймгийн МХГ-ын улсын байцаагчийн дүгнэлт гарч, тус цэцэрлэгийг хуучин барилгадаа үйл ажиллагаа явуулахыг зогсоосон байдаг.

Харин тухайн жилдээ аймгийн зүгээс тодорхой хэмжээний хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, тус барилгын таазыг бэхлэн засч, нэг хэсэг сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байсан хэдий ч барилгын насжилт дууссан тул цаашид удаан хугацаанд ашиглах боломжгүй болжээ.

Тиймээс сүүлийн 2 жилд тус цэцэрлэг Мандал сургуулийн байрны нэг жигүүрт хүүхдүүдээ авч, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Харин энэ жил энэхүү асуудал шийдэгдэж, тус цэцэрлэг удахгүй шинэ барилгадаа хүүхдүүдээ хүлээж авах ажээ. 

Холбоотой мэдээ