“Мөнгөн хүрхрээн чимээ”- нээр найрагчдын дунд үл ойлголцол гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 16:17:43

Өвөрхангай аймаг дахь Утга зохиолын нэгдлийн тэргүүн асан, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Яндагийн Баасанжавын нэрэмжит “Мөнгөн хүрхрээн чимээ-16”  яруу найргийн наадам болж өндөрлөлөө.

Үүнд төв, хөдөөгийн найрагчид, дунд сургуулийн ахлах ангийн сурагчид зэрэг 32 яруу найрагч уран үгсийг уралдуулан өрсөлдсөн юм. Наадмыг тэргүүн байрыг Ц.Одончимэг “Нүүдэл”, дэд байрыг Г.Золбоо “Хайр”, гутгаар байрыг Н.Лхагвасүрэн “Аяа, ганц дулаан навч” шүлгээрээ, тусгай байрыг Ш.Нямсүрэн “Аргамжаа” шүлгээрээ тус тус эзэллээ.

“Мөнгөн хүрхрээн чимээ” яруу найргийн наадмыг Я.Баасанжав агсан анх санаачлан 10 гаруй жил зохион байгуулж ирсэн бөгөөд Өвөрхангайдаа “Болорцом” хэмээгддэг чансаа өндөртэй уралдаан юм. Тиймээс түүний үр хүүхдүүд нь ивээн тэтгэж, “Арвайнхүрээ” утга зохиолын нэгдэлтэй хамтран жил бүр хийж байхаар төлөвлөжээ.

Наадмын үеэр зарим нэг найрагчид эсэргүүцэл тавьсан тухай Арвайнхүрээ Утгазохиолын нэгдлийн тэргүүн Н.Пүрэвээс тодруулахад “Алдарт хүнийг унагаж болохгүй гэсэн аман хууль хэрэгжүүлэхийг оролдсон зарим хүмүүсийн үзэл бодлыг шүүгчид хүлээж аваагүй, мөн шүлгээ согтуу уншиж наадмаа хүндэтгээгүй болон хэт цагаан лоозогносон шүлгүүдэд оноо өгөөгүй. Цаашид согтуугаар шүлэг унших оролдлого хийсэн тохиолдолд тайзнаас буулгадаг болно. Ялгаж байна, дарж байна гэж гомдол мэдүүлэгчидтэй ойлголцохын тулд Утга зохиолын нэгдлээс сонин гаргаж, бүх наадмын тэргүүн шүлгүүдийг уншигчдадаа хүргэдэг болно”  гэлээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ