Азийн Буддистуудын энх тайвны бага хуралд 5 орны эрдэмтэд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-06-21 13:56:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган өнөөдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд эхэллээ.

“Сэргээе, урагшилъя” уриатай зохион байгуулж буй уг чуулганд таван улсын 30 гаруй эрдэмтэн судлаач хоёр өдрийн турш илтгэл хэлэлцүүлэх юм. Мөн Азийн Буддистуудын холбооны үндсэн төвүүдээс 130 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ. Чуулганы хүрээнд “XXI зууны Буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж буйгаараа онцлог юм.

Монгол Улсын хувьд, Азийн Буддистуудын энх тайвны бага хурлаар дамжуулан гадаад улс орнуудад өөрсдийн өв соёл, уламжлалаа таниулах их ач холбогдолтой гэдгийг нээлтийн үеэр зохион байгуулагчид нь онцлов.

Нээлтэд МБШТ Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны төлөөлөл, хүрэлцэн ирсэн Азийн орнуудын хамба лам нар болон Гандантэгчинлэн хийдийн лам, хуваргууд, сүсэгтэн олон оролцов.


Холбоотой мэдээ