Хуулийн байгууллагууд үйлчилгээгээ нэг цэгээс үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-21 16:12:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хуулийн байгууллагууд өнөөдөр “Хууль зүйн үйлчилгээг нэг цэгээс” сурталчилгаа, мэдээллийн өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр иргэдэд хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэх, хууль зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах зорилготой ажээ.  

“Хууль зүйн үйлчилгээг нэг цэгээс” сурталчилгаа, мэдээллийн өдөрлөгт Монгол Улсын ХЭҮК, Хууль зүйн үндэсний хүрээлэн, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн ЗДТГ, ХЭЗХ, ШТГ, Прокурорын газар, Цагдаагийн газар, ШШГГ, ШША, УБХ, Хууль зүйн туслалцааны төв гээд арав гаруй байгууллага оролцож, иргэдэд мэдээлэл өгч үйлчилгээ үзүүллээ.

Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болон “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийн тулд “эрх зүйн хөтөч”-үүдийг сум бүрээс бэлтгэж байна. Мөн хууль тогтоомжийг сурталчилж, мэдээллийг нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Цаашдаа ч ийм өдөрлөгийг зохион байгуулна.

Иргэд та бүхэн энэхүү боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, өөрсдийнхөө хүссэн мэдээллийг авч, мэдэхгүй, чадахгүй байгаа асуудлаа асууж, зөвлөгөө авч, идэвхтэй оролцоорой” гэсэн юм.

Тус өдөрлөгийн үеэр аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Бие хамгаалах үзүүлэх тоглолт үзүүлж, УБХ-ээс иргэдийн дунд “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулав.

Энэхүү өдөрлөгт аймгийн удирдлагуудаас гадна ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн эрхлэгч А.Гантулга нар оролцсон байна.

Холбоотой мэдээ