МУИС-ийн шилдэг 74 төгсөгч диплом, энгэрийн тэмдгээ гардлаа

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-06-21 15:51:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн 74 дэх удаагийн төгсөлтийн эрдмийн баяр өнөөдөр болов. Эрдмийн баяр дээр  шилдэг 74 төгсөгчид диплом, энгэрийн тэмдгийг нь ёслол төгөлдөр гардууллаа.


Тус сургуулийг энэ жил доктор 18, магистр 289, бакалаврын зэрэгтэй 1435, нийт 1742 оюутан төгсөж буй юм. 

Эрдмийн баярыг нээж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ, “МУИС-ийн эрдмийн баяр нь Монгол Улсын хөгжлийг түүчээлэх шилдэг залуусаа ажил, хөдөлмөрийн замд гаргаж эх орноо хөгжүүлж, тив дэлхийд нэрээ цуурайтуулах цаг нь болсон хэмээн мордуулж буй бахархлын болон үдэлтийн баяр билээ. Та бүхний хүлээн авч буй МУИС-ийн диплом нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх “дээд боловсролтой мэргэжилтэн”-ий баталгаа юм. Иймд энэхүү баталгаан дээр тулгуурлан Монгол Улсад, дэлхийд их баялаг бүтээх бүрэн боломжтой” гээд нийт төгсөгчдөдөө амжилт хүсэв.


Эрдмийн баярын ёслолд МУИС-ийн эмерит профессор С.Нарангэрэл оролцож залуу хойч үедээ үнэтэй сургаалиа хайрласан юм. Тэрбээр МУИС-ийн ХШУИС-ийн Нано шинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөрийн төгсөгч А.Номунгоод “Төгсөгчдөд гардуулах захиа даалгавар”-ыг гардуулан өгөв. Энэхүү захиа даалгаврыг 1984 оны төгсөлтийн баярт Байгалийн ухааны факультетаас анхлан санаачилж гардуулж байсан бөгөөд олон жилийн туршид орхигдсон уламжлалыг ийнхүү сэргээсэн юм.

Энэ хичээлийн жилийн хаврын улиралд МУИС-ийг нийт 1742 суралцагч төгссөнөөс 34 төгсөгч нь гадаадын иргэн байна. Тухайлбал, БНАСА-аас 5, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас 3, БНСУ-аас 2, БНХАУ-аас 20, БНТУ-аас 3, БНПУ-аас 1 суралцагч тус тус төгсжээ.

Эрдмийн баярын үйл ажиллагаанд, МУИС-ийн дэд захирлууд, бүрэлдэхүүн сургуулийн захирал, удирдлагууд, эрдэмтэн багш нар, МУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүд, БСШУСЯ-ны төлөөлөл болон УИХ-ын гишүүн, МУИС-ийн төгсөгч Ш.Раднаасэд, О.Бааасанхүү, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх бөгөөд Ерөнхий сайдын Ажлын албаны дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын дарга Г.Занданшатарын Нийгмийн бодлогын зөвлөх Д.Бадарч зэрэг эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид оролцов.

 


Холбоотой мэдээ