Туркт хатуу арга хэмжээ авахаа сануулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-21 16:18:04

БРЮССЕЛЬ. /TASS/. Киприйн эдийн засгийн онцгой бүсэд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаатай нь холбогдуулан Европын Холбоо Туркийн эсрэг аль болох хурдан хатуу арга хэмжээ авна хэмээн Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер мэдэгдсэн байна. Брюссельд болсон Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн дүнд болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр ийнхүү мэдэгджээ.


Европын эх сурвалжийн сэтгүүлчдэд мэдэгдсэнээр, Европын Холбооны бүх 28 улс Туркт арга хэмжээ авах асуудалд нэгдмэл байр суурьтай байгаа аж.


Европын Холбооны төр засгийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын дүнд гаргасан мэдэгдэлд Туркт авах нарийн арга хэмжээг бэлтгэхийг Европын комисст үүрэг болгосон байна. Иймэрхүү хууль бус үйлдэл нь Европын Холбоо, Туркийн харилцаанд бүхий л талаас нь ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгааг Европын Зөвлөл онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн Турк улсыг хүлээцтэй байж, Киприйн бүрэн эрхт байдлыг хүндэтгэн, иймэрхүү үйлдлээс зайлсхийхийг Европын Зөвлөл уриалсан байна.  

Холбоотой мэдээ