Д.Чойжамц: Тогтвортой хөгжил, энх тайван нийгмийг байгуулахад дэмнэж ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-06-21 18:57:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд өнөөдөр эхэлсэн Азийн буддистуудын Энх тайвны бага хурлыг хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц нээлээ.

Тэрбээр, “Манай оронд өнгөрсөн долоо хоногт хүйтэн бороотой байлаа. Гэвч халуун орны, халуун сэтгэлтэй буддын лам, римбүчи, хутагт хувилгаад залран ирж өнөөдөр тэсэхийн аргагүй халуун болж, та бүхнийхээ илчинд дулаацаж байна. Ийм сайхан, олон түмний сүсгийн өдөр, яндашгүй буяны их далайд цутгасан сайхан үйл явдал өрнөж байна. Азийн буддистуудын холбоо нь бурхан шашны номонд үндэслэсэн Ази тив болон дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлж дайны аюулыг зогсоохын төлөө бурханы сургаалыг дагагч дэвшилт үзэлтнүүдийг бэлтгэсэн, энх тайвны нөлөө бүхий олон улсын байгууллага юм” гэдгийг тодотгов.

Их хамба цааш нь хэлэхдээ, “Тус бага хурал дэлхийн улс орнууд хоёр хуваагдан зэрэгцэн тэмцэж байсан цаг үед Ази, Номхон далайн бүс нутагт даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын дор эвлэлдэн нэгдэн, тууштай тэмцэн, үлэмж их ачийг хүргэсэн. Энх тайван, аюулгүй байдлыг бид нүдний цөцгий мэт хамгаалж байх хэрэгтэй. Цаашид, Бага хурлыг НҮБ -ын нийгэм эдийн засаг байгаль орчны өргөн хүрээг хамарсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжин хамтарч ажиллан, энх тайван нийгмийг байгуулахад дэмнэж ажиллах болно” гэв.



Хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцон мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхдээ, “Хүн төрөлхтний оршихуйн хамгийн үнэт зүйл болсон энх тайвныг сахин хамгаалахад Бурханы ариун сургаалын цогц-буддизмын үзэл номлолыг дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлж, эрдэм мэдлэг, энэрэл нигүүслийг эрхэмлэн, уламжлалт өв соёлоо дээдлэн хөгжүүлэх Азийн улс орнуудын эрмэлзэл, эв санаан дор нэгдэж анх чуулж байсан бол өдгөө 50 жилийн ойтойгоо золгож байна.

Монгол Улсын төр, засгаас Азийн буддистуудын Энх тайвны бага хурлыг ямагт дэмжиж ирсэн. Тус хурал даян дэлхийн энх тайвны үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг хүн төрөлхтөн мэдэх бөгөөд энэ нь энх тайвныг дэлхий нийтэд тунхаглахын төлөөх монголчуудын оруулж буй чухал хувь нэмэр байсан. Энэхүү оролцоо өнөөдөр ч үгүйлэгдэх үнэ цэнтэй хэвээр байна. Хүн төрөлхтний сайн сайхан аж амьдралын төлөө явуулсан энхийн үйлсээрээ  НҮБ, түүний бусад тусгай агентлаг тус ТББ-ыг ЮНЕСКО-гийн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн статустай байгууллага мөн гэдгийг тэртээ 1988 онд анх бүртгэн авч өнөөдрийг хүрлээ.

Монгол Улс бол энхийг эрхэмлэгч улс орон, Монголын ард түмний уламжлалт шашин бол Буддын шашин билээ. Их Монголын тулгар төр-Хүннү гүрний үеэс эхлэн гурвантаа дэлгэрсэн Бурханы шашин бол монгол үндэстнийг гадаадын түрэмгийллээс сахин хамгаалж, дотооддоо эв нэгдэл, тусгаар тогтнолыг нөхцөлдүүлсэн юм. Энэхүү түүхэн дүгнэлтийг олон улсын эрдэмтэн мэргэд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөөр байна.

Монголын буддизм түүхэн дэлгэрлийнхээ нэгэн цаг үед үлэмж их хор хохирлыг амсаж, хүн амынхаа нэлээд хэсгийг улс төрийн хэлмэгдүүлэлд өртүүлсэн гашуун сургамжаа мартах учиргүй, дахин давтах ёсгүй. Тиймээс УИХ-аас жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15, Бурхан багшийн Их дүйчин өдрийг “Олон нийтийн баяр, амралтын өдөр” болгох хуулийн төслийг санаачлан дэмжиж, анхааран ажиллаж байна” гэв.

Монгол Улсын хувьд, “Азийн Буддистуудын энх тайвны бага хурал”-аар дамжуулан гадаад улс орнуудад өөрсдийн өв соёл, уламжлалаа таниулах өндөр ач холбогдолтой гэдгийг нээлтийн үеэр зохион байгуулагчдаас онцолж байв. Чуулганы хүрээнд  таван улсын 30 гаруй эрдэмтэн судлаачид хоёр өдрийн турш илтгэл хэлэлцүүлэх бөгөөд үндсэн төвүүдээс 130 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байна.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганы өмнөх талбайд болж буй нээлтэд Энэтхэг, БНСУ, ОХУ, Шри-Ланка, Япон зэрэг орны 14 үндэстний 150 гаруй зочин, төлөөлөгч, сүсэгтэн олон оролцож байна. Нээлтэд МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Д.Отгонцагаан 

Холбоотой мэдээ