Санхүүгийн хямралыг зохиомлоор бий болгож байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-03-31 17:43:01

“218.1 үндэсний хөдөлгөөн”-өөс Иргэний хуулийн 218.1 дүгээр заалт амьдралд хэрэгждэг байх ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлж өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

218.1 гэдэг нь өнөөдөр мөрдөж байгаа 2002 онд баталсан Иргэний хуулийн заалт аж. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 218.1-т “Төлбөр гүйцэтгэх хугацаанаас өмнө мөнгөний ханш өссөн эсвэл, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцно” хэмээн тусгасан байдаг. Гэтэл ам.долларын ханшийн зөрүү ихтэй нөхцөлд дээрх хуулийн заалт огт үйлчлэхгүй байгааг тэд шүүмжиллээ.

Тэд өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдлыг зохиомол хямрал гэж үзэж байна. Санхүүгийн хямралыг зохиомлоор бий болгодог хамгийн суурь аргачлал нь нэгдүгээрт, үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханшийг унагадаг. 1990 онд нэг ам.доллар гурван төгрөг 40 мөнгө, 2011 онд 1200, өнөөдөр 2050 төгрөг байна. Зөвхөн сүүлийн таван жилийн дотор жилд ойролцоогоор 20 хувиар төгрөгийн ханш унасан. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг унагах нь тухайн улсыг үнэгүйдүүлж, ам.доллартай хүмүүс ирж биднийг хямдхан худалдан авч боолчлох замыг нээдэг. Тиймээс үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унана гэдэг онц ноцтой, тухайн улсын сүйрэлд хүргэх аюултай асуудал юм. Хэрэв ямар нэг байдлаар үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг 2-3 хувиас илүү унагаж байвал тэр төр цаашид ажиллах эрхгүй гээд зөвхөн бизнес эрхлэгчид, албан байгууллага гэлтгүй иргэд ч зохиомол хямралын эсрэг нэгдэхийг энэ үеэр уриалав.

Тус хөдөлгөөнийхөн ам.долларын зээлтэй хувь хүн, байгууллагын ам.долларын өсөлттэй холбоотой хохирлыг Иргэний хуулийн 218.1 заалтын дагуу шийдвэрлүүлэх, ам.долларын зээлийг  банкинд алдагдалгүйгээр төгрөгийн зээл болгох, төгрөгийн ханшийг тогтворжуулах, иргэдийг өрийн дарамтнаас чөлөөлөх зорилгоор нэгджээ.

Э.Бат-Уянга

Холбоотой мэдээ