Азийн ардын урлагийн их наадамд түрүүлсэн бүжигчдийг урамшуулав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-06-24 14:01:57

Дорноговь /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 12-16-нд болсон Азийн ардын урлагийн их наадамд хамтлаг бүжгийн төрлөөр 40 гаруй хамтлагийн 400 гаруй бүжигчидтэй өрсөлдөж алтан медаль хүртсэн Дорноговь аймгийн өсвөрийн “Саран хөхөө” хамтлагийн бүжигчдийг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хүлээн авч баяр хүргэлээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монгол Улсад анх удаа болсон "Азийн ардын урлагийн их наадам"-д ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Франц зэрэг 12 орны 200 гаруй уран бүтээлч, Монголын 21 аймаг, есөн дүүргийн 2000 авъяастнуудтай өрсөлдсөн Дорноговийн авьяаслаг хүүхдүүдийг МУСТА, бүжгийн багш Б.Дашжаргал бэлтгэжээ.

Олон улсын уралдаан тэмцээнд хүүхдүүдээ амжилттай оролцуулсан багшийг 500 мянган төгрөгөөр, хүүхдүүдийг зуун мянган төгрөгөөр тус тус урамшуулав.

Хүүхдүүд Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатарын дэглэсэн “Дөрвөн ойрадын уриа” бүжгээр оролцсон байна.

Бүжигчин хүүхдүүд удахгүй болох МУАЖ, Төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит улсын ээлжит уралдаанд оролцох бэлтгэлээ базааж байна.

 

 



Холбоотой мэдээ