Төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт маш сайн үнэлгээтэй дүгнүүлжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-06-24 21:40:01

Завхан /МОНЦАМЭ/Завхан аймагт төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг болж аймгийн хэмжээгээр “маш сайн” үнэлгээтэй дүгнүүлжээ.

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт зургаадугаар сарын 17-21-ний өдөр ажиллаж, ХЗДХ-ийн Сайдын баталсан дүгнэх үзүүлэлт, аргачлалын дагуу “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг зохион байгуулжээ. Улсын үзлэгт аймгийн ИТХ, ЗДТГ, ГХБХБГ, Эрүүл мэндийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Тэс, Баянтэс сум хамрагдсан байна. Улсын үзлэгийг төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архивын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт,  архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдал гэсэн дөрвөн үндсэн үзүүлэлтээр дүгнэжээ.

Ийнхүү Завханы төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт хамгийн өндөр буюу 96,7 оноогоор, архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдал 95,6 оноогоор үнэлэгджээ.

Харин албан хэрэг хөтлөлт 84,6 оноогоор, архивын үйл ажиллагаа 83,7 оноогоор тус тус үнэлэгдэж аймгийн хэмжээгээр 90,2 хувь буюу “Маш сайн” үнэлгээтэй дүгнүүлжээ.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газрын “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 2019 оны 150 дугаар тогтоол болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжаар баталсан удирдамжийн дагуу “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах салбар комиссыг аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэнгээр ахлуулан Засаг даргын 2019 оны А/157 дугаар захирамжаар томилж, хэрэгжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан. Ажлын хэсэг төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын урьдчилсан үзлэгийг зургаадугаар сарын 02-08-ны өдөр аймгийн хэмжээнд 218 байгууллагад амжилттай зохион байгуулж, ажилласаны үр дүн ийнхүү гарч байна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ