Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорноговь аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenechimeg@montsame.mn
2016-04-01 09:03:30

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорноговь аймагт ажиллах үеэрээ Саранхөхөө театрт аймгийн иргэдтэй уулзалт хийж, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улс 1921-2012 онд буюу 91 жилд 2964 км зам барьсан бол 2013-2015 онд буюу энэ гурван жилд 2720 км автозам барилаа. Энэ ажлын хүрээнд Дорноговь аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон. 2016 онд манай улс 1284 км зам барина.

Эрчим хүчний салбар 2015 онд анх удаа алдагдалгүй ажиллалаа.

1921-1996 онд 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол өнөөдөр жилд 25 мянган өрх орон сууцанд орж байна. Аймаг бүрт хэрэгжсэн 1000 айлын орон сууц хөтөлбөр Дорноговь аймагт хамгийн амжилттай хэрэгжиж энэ хугацаанд 2700 орон сууц баригджээ.

2015 оны эхний хагас жилийн байдлаар үйлдвэржилтийн 1055 төслийг бондын хөрөнгөөс санхүүжүүлээд байна. 

Манай улсын малын тоо толгой 56 саяд хүрлээ. Сүүлийн дөрвөн жилд уул уурхайн салбар тааруу байгаа ч ХАА-н салбарт олон хүн ажиллаж, гол нэрийн бүтээгдэхүүнүүд өслөө. Гаднаас авах хүнс багасч, гаднынхан манайхаас авах хүнсний хэмжээ илүү өсөж байна.

Малчин өрхөд хөрөнгө худалдан авах, өрхийн хэрэглээнд зориулан зээлийн хүүг 40 хувиар буурууллаа. Жилийн 29,5 хувийн хүүг 18 болгож бууруулж, нийт 17557 зээлийг сарын 1,5 хувьд шилжүүлсэн.

Мөн орон нутагт шатахуун болон интернэтийн үнэ хямдарч, Улаанбаатарынхтай ойролцоо түвшинд хүрсэн талаар Ерөнхий сайд ярилаа.

Дорноговь аймгийн иргэдтэй хийсэн уулзалт дөрвөн цаг гаруй үргэлжилсэн. Уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Эрүүл мэндийн яам, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг нар оролцож иргэдийн асуултад хариулсан юм.

Цөмийн болон цацраг идэвхит хаягдлыг манай улсад хадгалах, булшлах тухай яриа гарсан. Энэ яриа үнэн эсэхийг тодруулж асууж байсан юм.

Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг Засгийн газар хэлэлцээд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн.

Хуулийн төсөл батлагдсанаар ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг бүр мөсөн хориглох эрх зүйн үндэс бүрдэнэ. Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлахгүй гэж асуултад хариулахдаа хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Холбоотой мэдээ