Иргэд хүн төвтэй бодлогыг Үндсэн хуульд сайтар тусгахыг хүсэв

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-06-26 10:50:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг энэ амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулан тэдний саналыг сонслоо.

Түүний уулзалтад Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Баян-Өндөр, Сант, Төгрөг, Гучин-Ус, Баянгол, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан сумын иргэд оролцсон бөгөөд Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон хэмээн санал нэгдэж байсан юм. “Ерөнхийлөгчийг парламентаас нэр дэвшүүлэн сонгодог, 50 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлэх, баялгийн хуваарилалтыг зөв хийх зохицуулалтыг тусгах, УИХ-ын чуулганы хуралдах хугацааг нэмэх, сумын Засаг даргыг иргэдийн саналаар сонгох” зэрэг олон заалтыг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.

Харин "Давхар дээл"-ний талаар иргэдийн үзэл бодол хуваагдсан бол Ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа сонгох нь учир дутагдалтайг ихэнх нь хэлэв.

Мөн мал аж ахуйн салбар, ялангуяа малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг тогтвортой байлгахад чиглэсэн заалт оруулж өгөхийг хүсч байсан юм. Түүнчлэн цахим орчны талаар нэлээд шүүмжлэлтэй хандаж буй хүн ч байна. "Худал, үнэн нь мэдэгдэхгүй сөрөг мэдээллийг хязгаартай болгож хуулиар зохицуулж өгмөөр байна", "Төр засаг аливаа асуудлыг цогцоор нь шийддэг байхад анхаарч, хүн төвтэй бодлогыг Үндсэн хуульд сайтар тусгах ёстой" гэсэн саналууд багагүй ирж байлаа.

Холбоотой мэдээ