Синайн хойгт цуврал халдлага болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-26 13:08:33

МОСКВА. /TASS/. Синайн хойгийн хойд хэсэгт террористууд халдсаны улмаас Египетийн зургаан цэрэг амиа алдаж, найман хүн шархадсан тухай телевизийн “Sky News Arabia” суваг тус улсын аюулгүй байдлын байгууллагууд дахь эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан уламжлав.


Эх сурвалжуудын мэдээлснээр, террористууд Хойд Синай мужийн нийслэл бөгөөд томоохон хот болох Эль-Аришагийн шалган нэвтрүүлэх гурван цэгт нэгэн зэрэг халдсан байна. Террористуудтай буудалцах үеэр хэт давруу үзэлтнүүдээс долоог нь устгасан бөгөөд хоёр нь амиа золиослогчийн бүс зүүсэн байжээ.


Египетийн арми болон цагдаа нар Синайн хойд хэсэгт хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүдтэй тэмцэх ажиллагааг хэдэн жил явуулж байгаа юм. Тэдгээрээс хамгийн үл бүтэх бүлэглэл нь “Лалын улс” бүлэглэлд үнэнч байх тангараг өргөж, нэрээ "Вилайет Сина" /"Синай муж"/ болгож өөрчилсөн "Ансар Бейт аль-Макдис" /"Иерусалимыг дэмжигчид"/ бүлэглэл юм. Өнгөрсөн жилүүдэд Синайн хойгт үйлдсэн халдлагуудын ард чухам энэ бүлэглэл байгаа гэж Египетийн тусгай хүчнийхэн үздэг байна.


Холбоотой мэдээ