Ардын зураач нар "Урлагийн амьдрал" үзэсгэлэн гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-26 17:42:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын зураач урчууд Ардын Их баяр наадамдаа онцгой сайхан уран бүтээлийн бэлэг барьдаг уламжлал ёсоор Монгол улсын Ардын зураач, МУЭ-ийн шагналт Бадамжавын Чогсом, Монгол улсын Ардын зураач, Төрийн соёрхолт Долгоржавын Болд нар хамтран “Урлагийн амьдрал” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгээ 7 дугаар сарын 1-28-нд “МОНГОЛ АРТ ГАЛЕРЕЙ”-д дэлгэн толилуулна.


Үзэсгэлэнд Б.Чогсом багшийн дэлгэсэн 1958-1982 оны судалбарууд болон “Монгол Арт” галерейн сан хөмрөг дэх уран бүтээлүүд, тухайн цаг үед улс оронд өрнөж байсан бүтээн босголтын үйл явцаас баримтжуулснаараа өндөр ач холбогдолтой, дахин давтагдашгүй үнэ цэнтэй юм. Түүний урын сан дахь олон төрөл зүйл, сэдэв агуулгыг хамарсан 2000 гаруй бүтээл нь нийгмийн амьдралыг эергээр өөрчлөхүйц үлгэр жишээ үйл явдлыг тусгахыг эрхэмлэсэн байдгаараа онцлогтой.  Тойм дүрслэл, нягт цулгуй өнгө, бэлгэдлийн хэллэгээрээ тун шинэлэг, өвөрмөц  бүтээлүүдээс тавигдана.


Харин зураач До. Болд 2017-2018 онд бүтээсэн бүтээлээ түлхүү тавьж үзэгч түмэнтэйгээ уулзана. Зургийн хавтгай дээр тоглох зураас, өнгө, тэдгээрээс үүссэн янз бүрийн үл танигдах дүрсүүд бол та бидний амьдралын явцад нийгэм, хувь хүмүүстэй харьцахад илэрч байдаг баяр баясгалан, айдас түгшүүр гээд өөдрөг эсвэл уруу сэтгэл догдлол, сайн муу бодол санаа, эерэг сөрөг мэдрэмжийг төлөөлөх түүний дүрслэлүүдийн онцлог юм.


Эдгээр нь агуу В.Кандинскийн онолд тулгуурласан оюун санааны ертөнцийг илэрхийлэх арга гэж судлаачид үздэг. Хоёр өөр өнгө, будагтай хэрнээ монгол зураачийн сонгодог зургийг дээрх үзэсгэлэнгээс үзэж болно. 

Холбоотой мэдээ